Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу 2022 оны 4 сарын 15 нд Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч агентлаг Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын даргын албан тушаалд С.Мөнхчулуун томилогдож тамга, ажлаа хүлээн авсан. Тэрээр өөрийн цахим хуудастаа: 

"Бидний амьдралд тохиож буй түүхэн хүнд үе болох дэлхий нийтийг хамарсан цар тахал, Орос Украины дайнаас үүдэлтэй эдийн засгийн хямрал, үнийн өсөлт оргилдоо хүрсэн цаг үед энэхүү хариуцлагатай албанд томилж буй нь Монгол Улсын Засгийн газраас хүлээлгэж буй нөр их итгэл, өндөр хариуцлага гэж ойлгож байна. Тиймээс миний бие Монгол улсын хууль тогтоомж, Засгийн Газрын шийдвэрийн хүрээнд Зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлж, шударга нээлттэй өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, үндэслэлгүй үнийн хөөрөгдлийг хязгаарлахын төлөө хичээн зүтгэх болно. Манай байгууллага нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг юм. Мөн өчигдөр батлагдсан ГОЛ НЭР ТӨРЛИЙН ЗАРИМ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ, ХОМСТЛООС СЭРГИЙЛЭХ, СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН хэрэгжилтийг хангахад тодорхой үүрэг гүйцэтгэж ажиллах болно. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдээс Гомдол санал хүлээн авах Иргэдийн утас 115 дугаараас гадна нээлттэй харилцан уялдаатай, эргэх холбоотой ажиллах үүднээс байнгын санал, хүсэлт, гомдол авч үйл ажиллагаандаа анхаарч ажиллахаар боллоо.

Мөн https://www.afccp.gov.mn/ цахим хуудас, фэйсбүүкын https://www.facebook.com/afccpmongolia

хуудас, твиттерийн @afccpmn  хаягуудаар нээлттэй өдөр тутмын мэдээллийг хүргэж байх болно. 

Хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалагдсан, зах зээлийн чөлөөт, шударга өрсөлдөөний таатай орчин бүрэн хангагдсан нийгмийг цогцлоох бидний ажилд хүч өгч, санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, мэдээллээр хангаж ажиллахыг та бүхнээсээ хүсье! Жич: Цахимаар ирүүлсэн санал хүсэлт нь Өргөдөл, гомдлын тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангахгүй боловч бид үйл ажиллагаа, төлөвлөгөөндөө тусгаж, шаардлагатай асуудлууд дээр эргэн холбогдож, өргөдлийн бүрдлийг хангуулж шийдвэрлэж ажиллах боломжтой юм" хэмээн хуваалцжээ.