Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн Цэргийн штабаас 2022 оны I ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж эхэллээ. Энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Арвайхээр сумын 1-6 дугаар багийн 18-25 насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.

Энэ удаагийн цэрэг татлагын ажил хэд хэдэн онцлогтой явагдаж байгаа юм. Тухайлбал, цэргийн төв эмнэлгийн эмч нарын комисс ирж ажиллан эрүүл мэндийн шалтгаанаар тайван цагт цэргийн жинхэнэ албанд тэнцэхгүй залуучуудыг цэрэг татлагаас чөлөөлж байна. Мөн Батлан хамгаалах яамны ажлын хэсэг цэрэг татлагын үйл ажиллагаатай танилцаж, заавар зөвлөмж өглөө. 

Түүнчлэн мэргэжлийн байгууллагуудаас эрүүл мэнд, харилцаа хандлага, цахим хэрэглээ, гэр бүлийн үнэ цэнэ сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, цэргийн насны залуучуудад хандсан нөлөөллийн ажлыг хийж байна.

2016 онд батлагдсан Цэргийн албаны тухай хуулиар оюутныг цэргийн албанаас түр чөлөөлөх заалтыг хассан учраас төгсөх курсийн оюутнуудаас бусад оюутнуудыг биеэр ирж, цэрэг татлагын комисст бүртгүүлэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагыг тавьж байна.

Цэрэг татлага аймгийн хэмжээнд 8 сумыг хамруулан 4 дүгээр сарын 28 хүртэл үргэлжилнэ.