Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд  өнөөдөр Нийслэлийн нийгмийн даатгалын газарт ажиллалаа. 2021 оны жилийн эцсийн байдлаар нийслэлд 71687 сайн дурын даатгуулагч,  34649 ажил олгогч, 719127 албан журмын даатгуулагч бүртгэлтэй байна. 2020 оны мөн үетэй харьцуулахад ажил олгогч, албан журмын даатгуулагчдын тоо нэмэгдсэн бол сайн дурын даатгуулагчдын тоо 7000 орчмоор буурсан үзүүлэлт гарчээ.  Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн авлагатай 22 мянган гаруй аж ахуй нэгж байгууллага байгааг тус газрын дарга Г.Болорсүх онцлов.

Мөн Төрийн мэдээллийн “ХУР” системийг нийслэлийн хэмжээнд бүрэн нэвтрүүлжээ. Уг системийг иргэд даатгуулагчид түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, үнэн бодит мэдээллийг газар дээр нь хэвлэн тэтгэвэр тэтгэмж авах, сайн дурын даатгалын гэрээ хийхэд ашиглаж байна. Хур системд өнөөдрийн байдлаар 16628.7 мянган удаа хандаж QR код бүхий лавлагаа, тодорхойлолтыг иргэд хэвлэн авсан байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ