Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2022.05.01/ 12.00 цагаас Улаанбаатар дахь “Русский дом” буюу РЦНК-д Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Соёлын аялал жуулчлалын олон улсын нийгэмлэг, ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хотын Гадаад эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны төв нийгэмлэг, тус хотын "Нефтехимик" Соёлын ордон хамтран "Алтан гадас" хүүхдийн олон улсын урлагийн их наадмыг нээнэ. Тус наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын 600 гаруй хүүхэд оролцож байна.

Тодруулбал, "Алтан гадас" хүүхдийн олон улсын урлагийн XII их наадамд Монгол Улсаас Монголын хүүхдийн ордны бүжгийн хамтлагууд,  нийслэлийн “Уухай”, “Мэри поса”, “Суран жолоо” бүжгийн студи, Улаанбаатар дахь "Русский дом" -ын дэргэдэх монгол ардын болон сонгодог бүжгийн "Suvd dance" студи, "Амархүү вокалс" сургууль, Багануур дүүргийн “Бүжиг-бүжиг” студи, Дорноговь аймгийн "Саруул дэнж" болон “Magic club” студи, “Говийн уянга борхойн дэг” хамтлаг, Орхон аймгийн "Цоглог залуус" хамтлагууд болон гоцлол бүжигчид болон дулаачид Монгол Улсаа төлөөлнө. Харин ОХУ-аас Эрхүү мужийн Эрхүү болон Ангарск хотын бүжигчин хүүхдүүд болон Буриадын "Байкал" театрын дэргэдэх бүжгийн студийн суралцагч нар оролцох бол БНХАУ-ын ӨМӨЗО-ын оролцогчид цахимаар уран бүтээлээ илгээжээ.

Тус наадамд шагнал байр эзэлсэн гурван орны уран бүтээлч хүүхдүүд маргааш РЦНК-д болох Гала концертын үеэр "Байкал- домгийн үргэлжлэл" хэмээх ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор болох томорхон бүжгэн жүжигт оролцоно.