Цаг үеийн мэдээ

Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан

"Ковидын дараах хүн амын эрүүл мэндийн асуудалд улс орнууд анхаарал хандуулах болсон энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг арга хэмжээ өнөөдөр орон даяар эхэллээ. 

Манай монголчуудын хувьд эрүүл мэндийн боловсрол мэдлэг дутмаг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүйн улмаас аливаа өвчин оройтож оношлогддог, эмчилгээний үр дүн сайн гарахгүй, улмаар амиа алдах тохиолдол элбэг байна. Жишээлбэл, ЭМЯ-наас гаргасан 2020 оны судалгаагаар Монгол Улсын 15-69 насны 3 хүн тутмын 1 нь, 45-69 насны 2 хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, мөн эрэгтэйчүүдийн эрсдэл эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байгаа нь тогтоогдсон. 

Түүнчлэн Ковид-19 халдварт өвчнөөр өвчилсөн иргэд дараагийн шатны нөхөн сэргээх эмчилгээ, иж бүрэн оношилгоог хийлгээгүйгээс олон эрсдэл дагуулах хор уршигтай гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байна. Иймд Засгийн газраас хэрэгжүүлж буй Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ оношилгоонд хамруулах үндэсний хөтөлбөрт бүх нийтээрээ идэвхтэй хамрагдаж, эрүүл мэндээ сахин хамгаалахыг Та бүхэндээ уриалж байна"