Цаг үеийн мэдээ

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн эмнэлэг баригдаж байна. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын дарга Н.Энхболд холбогдох мэргэжилтнүүдийн хамт нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцав. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн барилгын А блок дахь барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай, цонх, дотор агааржуулалтын систем суурилуулах ажил хийгдэхэд бэлэн болжээ. Уг эмнэлэг нь 2 блок барилгаас бүрдэх бөгөөд 220 хүний ортой,  5 давхар, давхар бүр нь 3000м2 талбай бүхий нийтдээ 12,000м2 барилгажих талбайтай, дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон байх юм. Мөн гадна орчны тохижилт, ногоон байгууламж, автомашины зогсоолыг иж бүрэн шийдсэн төлөвлөлттэй баригдаж байна. Нэгдсэн эмнэлгийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ба гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллаж байна.