Цаг үеийн мэдээ

Өнөөдөр (05.03) УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Д.Батлут, Э.Батшугар нарын 21 гишүүн санаачлан боловсруулж эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хүртээмж, хяналтыг сайжруулах талаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл”-ийг өргөн мэдүүлэв. 

ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудын хийсэн судалгаа, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн тайлан, мэдээллээс харахад тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ын шаардлага хангаагүй байгаагаас гадна зах зээлд стандартын бус, бүртгэлгүй эм худалдаалах зэрэг зөрчлүүд илэрсээр байгаа юм. 

Түүнчлэн зарим нэр, төрлийн эм нь өндөр хөгжилтэй орны зах зээлд худалдаалж буй эмтэй орц, найрлага ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөлөлтэй байгаа нь эмийн чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог сайжруулж, олон улсын стандартыг мөрдүүлэх шаардлагатайг харуулж байна гэж гишүүд тодотгов.

Хянан шалгах түр хороо нь эмийн хяналтын тогтолцоо, хэрэгжилтийн үр нөлөөнд шалгалт хийн, нэгдсэн чуулганаар танилцуулж, шаардлагатай тохиолдолд санал боловсруулах чиг үүрэгтэй байх юм.