Цаг үеийн мэдээ

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эмийн үнийн талаар мэдээлэл өглөө. 

Монгол Улсын зах зээл дээр байгаа эмийн 80-90 орчим хувь нь импортоор орж ирдэг бөгөөд 2021 онд 413 тэрбум төгрөгийн эм импортлогдсон нь 2020 онтой харьцуулахад 12%-аар, 143 тэрбум төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл импортолсон нь 2020 онтой харьцуулахад 14%-аар тус тус нэмэгдсэн байна. 

Эм, эмийн түүхий эдийн дийлэнх хувь нь БНХАУ-аас экспортлогдох болон дамжин импортлогддог. Өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш БНХАУ хилээ хаасан, тээвэрлэлтийн явцад ариутгал, халдваргүйтгэл хийх зэрэг нэмэлт зардлууд гарч байгаатай холбоотойгоор тээвэрлэлтийн зардал өссөн. Тухайлбал, 2021 оны сүүлийн хагасаас ачаа тээврийг чингэлэгт ачих үнэ 8,000 юаниас 50,000-100,000 юань болж, мөн агаарын тээврийн хувьд 1 кг ачаа тутамд 2-3 ам.доллараар өссөн байна. Түүнчлэн Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас дэлхий дахинд эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн эрэлт, хэрэгцээ эрс нэмэгдэн, хомсдол үүсэж байгаа нь эмийн үнэд нөлөөлж байна. 

Монгол улсад импортоор орж ирдэг эмүүдийн хувьд эцсийн хэрэглэгчид очихдоо дараах зардлууд нэмэгдэж борлуулагддаг. Үүнд:

• Үйлдвэрлэгчтэй хийсэн гэрээний нөхцөл /Инкотермс 2020 олон улсын худалдааны нөхцөл/

• Тээврийн зардал

• Ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагааны зардал

• Ашиг

• Урсгал зардал, гааль

• НӨАТ 

2019-2021 онд тээврийн зардал, даатгал шингэсэн СИП үнэ 2019-2021 онд 0.1% - 49.8% нэмэгдсэн бөгөөд гол нөлөөлөх хүчин зүйл нь түүхий эдийн үнэ өсөлт, ханшийн зөрүү, тээврийн зардлын нэмэгдэл байна.

Одоо хэрэгжиж буй зохицуулалт

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношилгоо, эмчилгээнд хэрэглэгдэж байгаа Ремдесивир, Фавипиравир, Умифеновир эмийг импортлогч 28 байгууллагатай хэлцэл хийж, нийт 24 үйлдвэрийн, 26 худалдааны нэршил бүхий вирусийн эсрэг эмийн бөөний болон жижиглэнгийн үнийн дээд хэмжээг тогтоосон. Үүний дүнд үнийг 20-30% бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлсэн.

Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаарыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны 03 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ”-г баталж, 541 нэрийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, урвалж оношлуур, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг мөн татвараас чөлөөлснөөр хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд учрах санхүүгийн дарамтыг бууруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад нөлөөлөх юм.