Цаг үеийн мэдээ

АНУ-ын Засгийн газар Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед Кубын эсрэг тавьсан хатуу чанга хоригоо суллахаар болсон гэдгээ мэдэгдлээ. Одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены ажлын албаны санаачилснаар гэр бүлийн гишүүд хоорондын мөнгөн гуйвуулга, зорчин явах визний зөвшөөрөл олгох зэрэгт тавьсан хоригийг цуцлах ажээ. Үүний үр дүнд кубчуудад АНУ руу зорчих виз олгох үйл явц хурдасна.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс хоригийг сулласнаар Америк дахь Кубын цагаачид гурван сард мянгаас илүү ам.доллар гэр бүлийн гишүүддээ шилжүүлэх боломж нээгдэнэ гэжээ. Мөн гэр бүлийн гишүүн биш байсан ч мөнгөн гуйвуулга хийхийг зөвшөөрөх юм байна.

Түүнчлэн хоёр улсын хоорондох бизнес болон тусгай үүргийн нислэгүүдийн тоог нэмнэ. Харин Кубын хориотой жагсаалтад багтсан коммунист Засгийн газартай холбоотой компаниудын бүртгэлээс нэгийг ч хасахгүй ажээ.

Ардчилсан намын Ерөнхийлөгч Барак Обамагийн үед Кубын эсрэг хориг арга хэмжээг суллаж байсан боловч Бүгд Найрамдах намаас Дональд Трамп сонгогдсоноос хойш хоригийг улам чангатгаад байсан юм.

Эх сурвалж: ВВС