Цаг үеийн мэдээ

ХЗГ-ын дарга Б.Билгүүн, БТБГ-ын дарга В.Ганзориг, СТҮБГ-ын дарга Б. Эрдэнэзул болон бусад холбогдох мэргэжилтнүүд НҮБ-ийн Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (Юнидо)-ын ахлах эксперт Мухамед Саад болон экспортыг дэмжих төслийн багийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү “Экспортыг дэмжих” төсөл нь хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын “Баталгаажуулалтын ажил үйлчилгээ, чанарын удирдлагыг сайжруулах” 3-р бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд 2023 оны 12 сар хүртэл хэрэгжих юм.

Уулзалтаар хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх, үндэсний хэмжээний шинжээч аудиторуудын чадавхийг нэмэгдүүлэх, Органик болон Халал баталгаажуулалтыг нэвтрүүлэхэд техник, эдийн засгийн туслалцаа үзүүлэх гэсэн гол гол асуудлуудаар харилцан санал солилцсон болно.

СХЗГ-ын дарга Б.Билгүүн болон бусад удирдах ажилтнууд энэхүү экспортыг дэмжих төсөл хэрэгжиж байгаад талархал илэрхийлсэн бөгөөд ялангуяа Монгол улсын хэмжээнд Органик хүнсний болон Халал баталгаажуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх ажилд анхаарал хандуулах шаардлагатай тул төслийн зүгээс үүнд анхаарал хандуулахыг хүсэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн дээрх асуудлуудтай холбоотой сургалт, семинар болон газар дээрх үнэлгээ, дадлага ажлуудыг шат дараалан зохион байгуулах талаар хамтран ажиллах болов.