Цаг үеийн мэдээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цаг үеийн асуудлаар /2022.05.17/  мэдээлэл хийлээ.

НМХГ-ийн Хүнсний аюулгүй байдлын хэлтсийн дарга Н. Нямбаатар:  “Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу “Витафит милк” ХКК-ийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрт дэд даргын баталсан удирдамжийн дагуу дөрөвдүгээр сарын 29-ны өдөр төлөвлөгөөт бус хяналтыг хийж гүйцэтгэсэн.

Гомдол гаргагчид бүтээгдэхүүний дотроос нь гарсан гэх гадны биетийг тодорхойлсон нотлох баримт байхгүй байсан бөгөөд үйлдвэрийн агуулахад тухайн бүтээгдэхүүний үлдэгдэл байхгүй зэргээс бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулах боломж нөхцөл үүссэнгүй. Технологийн шат дамжлагадаа малын сүү хүлээн авах, найрлагын хэсэг буюу зүсэгч холигч найрлагын танк хооронд , бүрэлдэлтийн танк, савлах хошууны хэсэгт 0.4-0.2 мм-ийн шүүлтүүртэй байгаа нь гадны биет орох боломжгүй байна.

Гомдол гаргагч иргэн нь тухайн гэр йогуртыг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр худалдан авч задлан хэрэглэсэн ба 6 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дахин хэрэглэхэд хөгц үүссэн байсан нь тухайн бүтээгдэхүүнийг онгойлгосноос хойш /4 өөс-2 /хэмд 3 хоногийн дотор хэрэглэнэ гэсэн бүтээгдэхүүний хэрэглэх заавар, хадгалалтын горимыг зөрчин хэрэглэснээр хөгц үүссэн байж болзошгүй байна” гэв.

Иргэдэд сэрэмжлүүлэхэд бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний хаяг шошгын орц найрлага, хадгалах нөхцөл, хэрэглэх зааврыг сайтар уншин болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө сэргийлэх нь зүйтэй.