Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс нийслэл, аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарыг чадавхжуулах сургалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Сургалтад зориулан “Өөрчлөлтийн удирдлага-Change management” болон төрийн албаны оновчтой бүтэц, зохистой харилцаа, үр дүнгийн талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг лекц уншиж, систем (тогтолцоо)-ийн шинэтгэл, үйл явц (нөхцөл байдал)-ын өөрчлөлтийн үе шат, хамрах хүрээ, хугацаа, үр дүнгийн иж бүрэн асуудлыг хамарсан зорилтуудыг матриц төлөвлөлтөөр хэрэгжүүлэх сэдвийг хөндлөө.

Тэрбээр зөвлөх үйлчилгээний Prosci компанийг үндэслэгч Жефф Хиатын 700 гаруй байгууллагын өөрчлөлтийн хэв маягийг судалсны дараа боловсруулсан олон улсад өргөн ашиглагддаг хувь хүний өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлж, хувь хүнийг тодорхой өөрчлөлтөөр удирдан чиглүүлж, аливаа саад бэрхшээл, сорилтыг шийдвэрлэхэд чиглэгддэг АДКАР загварыг  танилцуулсан юм.