Цаг үеийн мэдээ

Засгийн Газрын 2022 оны 161 дүгээр тогтоолоор зарим төрлийн автобензин, дизель түлшний гааль болон онцгой албан татварыг “0” болгож, үнийг тогтвортой барих шийдвэр гаргасан.

Тус тогтоолоор дотоодын зах зээлд борлуулж байгаа дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндон, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун нарт үүрэг болгосон.

2022 оны 05 дугаар  сарын 16-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн  сайд Г.Ёндон, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун,   болон холбогдох асуудал хариуцсан албаны хүмүүс ажил хэргийн уулзалт зохион байгуулав.

Уулзалтаар шатахуун нийлүүлэлт, чанар, үнэнд хяналт тавих, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллахаар боллоо.

ШӨХТГ-ын зүгээс Өрсөлдөөнийг нэмэгдүүлж үнийг бууруулах үүднээс шатахуун импортлох үйл ажиллагааг бөөний болон жижиглэнгийн тусгай зөвшөөрөлгүй болгох, тусгай зөвшөөрлийн шаардлага, хураамжийг багасгах асуудлыг судалж үзэх талаар санал тавилаа.

Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр эх үүсвэрийг олон болгох, Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг алслагдсан аймгуудад авто замаар ОХУ-аас шууд нийлүүлэгдэж байгаа хэдий ч УБ хотоос үнэтэй зарагдаж байгаа шалтгааныг тогтоох, зах зээлд нэвтрэх саадыг багасгаж, чөлөөт өрсөлдөөн бий болгох бодлого баримтлах нь нэн чухал болохыг дурдлаа.