Цаг үеийн мэдээ

Аймгийн ИТХ-ын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр “Дархан хайрхан”-ыг тайх ёслолыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу энэ сарын 16-ны өдөр буюу зуны эхэн сарын шинийн арван тавны өдөр Дархан хайрхны тахилга боллоо.

13 дахь жилдээ зохион байгуулж буй уг тахилгад Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал, зэрэг аймаг, сумын удирдлагууд болон нутгийн зон олон оролцлоо. 

Анх 2008 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дархан хайрхан” уулыг тайх уламжлалыг сэргээж, жил бүр тайж байхаар шийдвэрлэн, хайрхнаа тахих төр, шашны ёслолын ерөнхий журам, үлгэрчилсэн дэгийг баталж хэрэгжүүлснээс хойш жил бүр тайж байгаа нь энэ юм.

Тус хайрхан нь Шарын гол, Хонгор сумын хилийн заагт Хэнтийн нурууны салбар их уулсын хаяа “Их Дархан”, “Бага Дархан” гэсэн хоёр хэсгээс бүрддэг онгон дагшин уул юм. Далайн түвшнээс 1239 м өндөр, 1560 га газар нутгийг хамарч оршдог.  "Дархан хайрхан" уулыг нутгийн ардууд болон 1704 онд байгуулсан “Мэргэн даяанчийн хийд”-ийн лам, хуврагууд 300 жилийн тэртээгээс тайж, тахиж ирсэн түүхтэй аж. Ой модтой, ховор ан амьтан, булаг горхитой, овоо тахилга бүхий байгалийн үзэмж бүрдсэн онцгой хайрхан юм.

 

Таны сурталчилгаа