Цаг үеийн мэдээ

 Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.05.17) хуралдаан 13 цаг 45 минутад ирц бүрдсэнээр эхэллээ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн, шийдвэрлэв.

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

    Эхлээд Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Х.Баделхан, Г.Дамдинням, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Д.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл нарын гишүүдээс Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах хүсэлтээ Улсын Их Хурлын даргад ирүүлсний дагуу сонсголын тов болон сонсгол даргалагчийг томилох Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.   

Хяналтын сонсголын гол агуулга нь чанар стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд цаашлаад багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлтэй. Ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд гадаад болон дотоод орчны агаарын чанар шууд нөлөөтэй байдаг. Монгол Улсын эрүүл ахуйн тухай хуулийн 5.1-д хот суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм, нормативын шаардлагыг хангасан байна. Барилгын тухай хуульд барилгын материал, бүтээгдэхүүнд тавих шаардлагад хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй байх гэж тус тус заасан байдаг ч хэрэгжилт хангалтгүй байгаа учир иргэд олон нийт, барилга бүтээн байгуулалтын компаниуд, төрийн хяналтын холбогдох байгууллагуудын оролцоог хангасан барилгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн үүрэг хариуцлага, төрийн хяналтын тогтолцоог сайжруулах зорилготой гэдгийг мөн хуралдаан даргалагч танилцуулав.   

Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 119 дүгээр зүйлийн 119.1, Нийтийн сонсголын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол явуулах хугацааг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байхаар товлож,  тус хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмааг сонгох Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын гурван гишүүн 2022 оны тавдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

  Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа. Танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүд бид Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албатай хамтран анхны хуулийн төсөл болох Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн.

    Монгол Улсын Их Хурлаас 2000 онд анх удаа Донорын тухай хуулийг баталж, 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр шинэчилсэн найруулгаар баталсан ба 2021 онд хоёр удаа өөрчлөлт оруулсан хэдий ч одоогийн мөрдөж буй хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул зарим харилцааг зохицуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болсон.

Сүүлийн жилүүдэд хүн амын дунд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай эрхтэн тогтолцооны өвчин эмгэг нь төгсгөлийн үе шатандаа орсон иргэдийн тоо нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, элэг, бөөрний эмгэг, осол гэмтэл орж байна. Мөн анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологиуд нэвтэрч эрчимтэй хөгжиж байгаа нь иргэдийнхээ амь насыг аврах, амьдралын чанарыг сайжруулах өргөн боломж нээгдэж байна.

    Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ 2006 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийснээс хойш 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 256 иргэнд бөөр (215 иргэнд амьд донороос, 41 иргэнд амьгүй донороос), 194 иргэнд элэг (172 иргэнд амьд донороос, 22 иргэнд амьгүй донороос), 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 735 иргэнд арьс, 65 иргэнд шөрмөс, 373 иргэнд үр шилжүүлсэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна. Мөн нойр булчирхай болон зүрх шилжүүлэн суулгах үндэсний багуудыг байгуулж, бэлтгэл ажлыг нь ханган ажиллаж байна.

    Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Үр шилжүүлэн суулгах төвүүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, “Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо” төрийн бус байгууллага, эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн төлөөлөл оролцсон.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, донорын насыг 21 болгох, донорын талархлын өдрийг зохион байгуулах, амьгүй донорын гэгээн дурсгалыг хүндэлдэг байх, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэхээс үл хамаарч оршуулгын тэтгэмж үзүүлэх зэрэг саналыг дэвшүүлж байсан болно. Мөн амьд донорыг ажлын хамт олон дунд таниулан ойлгуулах, ажлын нөхцөлийг нь тодорхой хугацаагаар хөнгөвчлөх, шаардлагатай бол эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох санал гаргасан.

Хуулийн төсөлд Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгах тухай тусгалаа.

Одоо мөрдөж буй Донорын тухай хуульд Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ гаргах тухай заасан нь амьдралд нийцэхгүй байна. Тухайлбал, 25 насанд хүрээгүй амьд болон амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн авах, суулгах боломжгүй нь хугацаа алдах, эмчлүүлэгчийн өвчин улам даамжрах, биеийн байдал  хүндрэх, цаашлаад амь нас эрсдэх эрсдэлийг бий болгож  байна.  Донорын насыг өндөр тогтоосноор эх орондоо үнэ төлбөргүй эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх боломжийг хааж, иргэдийнхээ амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хангаж чадахгүйд хүрээд байна.

Улсын Их Хурлаас 2000 онд баталсан Донорын тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд “Сэтгэцийн хувьд эрүүл, 18 насанд хүрсэн, шаардлагатай шинжилгээ хийлгэсэн, эд, эрхтэнээ өгөх зөвшөөрлөө бичгээр өгсөн донорын эрүүл мэндэд аюул учруулахгүйгээр эмнэлгийн нөхцөлд түүний эд, эрхтэнг авна” гэж хуульчилж байсан.

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаанд АНУ, Турк, Энэтхэг улсад 18 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эс, эд, эрхтний донор болохыг зөвшөөрдөг бол Сингапур улс 21 нас хүрсэн хүн сайн дурын үндсэн дээр өөрийн гэр бүлийн гишүүнд донор болохыг зөвшөөрдөг байна. Манай улсын хувьд донор болох насны доод хязгаар бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байна.

    Хоёрдугаарт, Эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах эрх зүйн орчин бий болгохоор хуулийн төсөлд тусгалаа. Донорын тухай хуулийн 9 дүгээр зүйлд донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах албыг байгуулах тухай заасан. Тус алба нь эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл, холбогдох тоо баримтыг цуглуулж, хадгалах нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан /ДАТА бааз/-г ажиллуулж байгаа бөгөөд уг мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх практик шаардлага тулгараад байна.

Манай улсын хэмжээнд бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай олон зуун иргэн байгаа бөгөөд одоогоор бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад 350, элэг шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад 250 гаруй иргэн бүртгэлтэй байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.

    Гуравдугаарт, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллахаар тусгалаа. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны явцад гарч болох ёс зүйн хэм хэмжээтэй холбогдсон харилцааг зохицуулах үүрэг бүхий эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хороог эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулах шаардлагатай байна. Одоогийн Ёс зүйн хороо нь эмнэлэг бүрд тус тусдаа байгаа юм.

    Дөрөвдүгээрт, Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг  үзүүлэх эрх зүйн орчин бий болгохоор тусгасан. Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас тархины үхэлтэй хүний гэр бүлтэй уулзалт хийж, эс, эд, эрхтний донор болгох тухай хүсэлтийг тавихад тэдний зүгээс ямар нэгэн мөнгөн дэмжлэг, туслалцаа үзүүлэх эсэх, ялангуяа оршуулгын зардалд дэмжлэг үзүүлэх тухай 95 хувь нь асууж байсан бөгөөд төрөөс дэмжлэг үзүүлэх хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн хариултыг сонсоод 45 гэр бүлээс 20 гэр бүл донор болгохоос татгалзсан байна.

Тус албаны мэдээгээр 2021 онд долоон амьгүй донороос найман бөөр, долоон элэг, 14 судас, 17 шөрмөс шилжүүлэн суулгасан. Оршуулгын тэтгэмж олговол дээрх тоо нэмэгдэнэ гэж тооцож байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь оршуулгын тэтгэмжийн хэмжээг тогтоодог. Тус зөвлөлийн 2016 оны 16 дугаар тогтоолоор оршуулгын тэтгэмжийн хэмжээг сая төгрөгөөр тогтоосон байна. Дээрх тогтоолоор 10 сая төгрөг өгөхөөр эхний байдлаар тооцоо гаргасан. Цаашид хуулийн төсөл батлагдсаны дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүсэлт гаргаж олон хүний амь насыг аварсан донорын оршуулгын зардлын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг зохих журмын дагуу гаргах болно.

    Тавдугаарт, доноруудыг жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулахаар тусгасан. Санхүүгийн болон үзүүлэх дэмжлэгийн тухайд АНУ-д унаа, байр, хоол, хөдөлмөр эрхлээгүй үед олгох цалин хөлс, асрах зардал, үзлэгийн төлбөр болон татварын хөнгөлөлт, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг бол БНСУ-д амьгүй донорт оршуулгын зардал, донорын гэр бүлийнхэнд зориулсан дурсгалын болон хүндэтгэлийн арга хэмжээ, амьд донорт эмчилгээний зардал, цалинтай чөлөө, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгдөг байна. Иймд эрхтэний донор болсон хүмүүст бусад улс орон шиг дэмжлэг үзүүлж чаддаггүй юмаа гэхэд ядаж жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд сувилуулах дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай байна.

    Зургадугаарт, цусны донор болон эс, эд, эрхтний амьд донорыг олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг байхаар төсөлд тусгасан болно.

    Дэлхийн олон улс оронд (Австрали Улсад  “National Donate Life Family Support Service NDFSS”,  АНУ-д  “Center of Organ Recovery and Education” түүнээс хэрэгжүүлдэг  “Gift of Life Donor Program” болон “Organ Donation Grief Counseling Program”,  БНСУ-д “KODA”  буюу  “Korean Organ Donation Agency”) донорын ариун  үйл хэргийг таниулах, ухамсарлуулан ойлгуулах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг төв ажиллаж, эс, эд, эрхтний донор болж хүний амь нас, эрүүл мэндийг аврах үйл хэрэгт юугаар ч үнэлж барахгүй хувь нэмрээ оруулж, буян үйлдсэн амьгүй донорын гэгээн дурсгалыг хүндэтгэх, гэр бүлд нь хүндэтгэл илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг, туслалцаа үзүүлдэг байна.

Хуулийн төсөл батлагдсанаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад руу гарах мөнгөн урсгал буурч, иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах үндсэн эрх хангагдаж, эрх зүйн орчин улам сайжрах болно” гэв.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалмаа, Д.Сарангэрэл, Н.Учрал, М.Оюунчимэг нар төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж,  хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг болон Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгах зохицуулалтыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн Н.Учрал гишүүн энэ хуулийн төслийг боловсруулахад мэргэжлийн байгууллагууд нь, гадаад, дотоодын зөвлөхүүд нь оролцсон учраас Улсын Их Хурал төслийг концепцээр нь өөрчлөх шаардлагагүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол Д.Сарангэрэл гишүүн зүрх шилжүүлэн суулгах баг гараад, бэлтгэл ажил хангагдаад явж буйг Байнгын хороо бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар доноруудын эрх ашгийг хамгаалах холбооноос саналыг нь албан ёсоор авч, тусгасан уу гэдгийг тодруулж, хариулт авав.

    Ингээд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэнээр уг асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хүний эмийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын даргаас Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан Хянан шалгах түр хороо байгуулах үндэслэл, хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг тодорхой тусгаж гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас тогтоолын төслийн үндэслэл, сэдэв, хүрээ хязгаарыг хуульд нийцүүлэн тогтоосныг Байнгын хороонд ирүүлсэн байна. Ингээд төсөл санаачлагчдаас гаргасан саналаар санал хураалт явуулав.

    Төслийн 1 дэх хэсгийг 2014-2018 оны хооронд хэрэгжүүлсэн Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангийн дүнг үндэслэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг хүний эмийн чанарын асуудлаар байхаар тогтоосугай гэснээр санал хураалт явуулахад гишүүдийн  88.3 хувийн саналаар дэмжлээ.  Мөн төслийн 2 дахь хэсгийг Хянан шалгах түр хорооны тусгай шалгалт нь 2019 оноос 2022 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааг хамрах бөгөөд хүрээ хязгаарыг хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлт гэснээр санал хураалт явуулахад гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжлээ.

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын нарын нийт 13 эмэгтэй гишүүн 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

    Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Танилцуулгадаа, 2016 оноос хэрэгжиж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайланд “...хүүхдийн эсрэг хүчирхийллийн тохиолдлын илрүүлэлт, авах хариу арга хэмжээ, үйлчилгээ нь хязгаарлагдмал байна. Кейс менежментийн хариу үйлчилгээ практик дээр бараг байхгүй энгийн нөхцөл байдлын үнэлгээ, эсхүл үйлчилгээ үзүүлэх өөр байгууллага руу кейсийг холбон зуучлах эсхүл хаах зэргээр л хариу үйлчилгээ хязгаарлагдаж байна. Энэ нь боловсон хүчний чадавхийн дутагдалтай холбоотой. Төрийн байгууллагад ажилладаг нийгмийн ажилтнууд давхардсан үүрэг хүлээж ажлын ачаалал ихтэй болохыг судалгааны үр дүн харуулж байна. Кейстэй ажиллаж чадахгүй байгаа нь, эсвэл хангалттай цаг байхгүй гэдэг бэрхшээл нь хамтарсан багт ажилладаг нийгмийн ажилтнууд нь мэргэжлийн бус байдаг, мэргэжлийн эрх олгох тогтолцоогүй, эсвэл чадвар сул, нийгмийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангах явдал хязгаарлагдмал гэсэн бусад бэрхшээлүүдтэй хавсарч тохиолдож байна.

    2016 оны 12 дугаар сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлахдаа тухайн оны 2 дугаар сард батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулиас хамтарсан багийн зохион байгуулалт, чиг үүрэгтэй холбоотой заалтуудыг хассан. Ингэснээр хүүхэд хамгааллын хариу арга хэмжээтэй холбоотой манлайлал, удирдлага зохион байгуулалтын дэмжлэгийг бууруулж, хүүхэд хамгаалал дахь нийгмийн ажлын үйлчилгээнд зориулах санхүүгийн хуваарилалт, хариуцлагыг дутуу үнэлэн, улмаар хамтарсан баг нь хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллахгүй, зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, тохиолдолд илүү их анхаарах ёстой гэсэн хандлагыг бий болгох зэргээр Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг сулруулсан дүр зураг харагдаж байна гэж дүгнэсэн

    Иймээс Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санаа, зарчимд нийцүүлэн хуулийн 2  болон 3 дугаар зүйлд зарчим, хамрах хүрээг нэмэгдүүлэх, Хүүхдийн хамгаалагдах эрхийн хүрээнд хуулийн 4 дүгээр зүйлд хүүхэд хамгааллын кейс үйлчилгээний талаарх нэр томъёог олон улсын жишигт нийцүүлэн шинээр нэмж тодорхойлох, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хоёрдугаар бүлэгт Хууль зүйн салбар дахь хүүхэд хамгаалал гэсэн 10 дугаар зүйл нэмж оруулах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд орон нутгийн түвшинд /сум, хороонд/ хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, тэднийг бодлого, зохицуулалт, удирдлага арга зүйгээр хангах чиг үүргийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, түүний харъяа агентлагийн чиг үүрэгт хамруулах, мөн хуулийн 23 дугаар зүйлд хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн  хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох, аргачлал, журмын талаар нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг болно.

    Хуулийн төслийг боловсруулахдаа Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан,  хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гүүд Нейборс олон улсын байгууллагын мэргэжилтнүүдийн саналд үндэслэсэн. Хуулийн төсөл батлагдсанаар  хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжиж,   төрийн байгууллагын бүтэц, тогтолцоо, чиг үүрэг бүх түвшинд тодорхойлогдож, хүүхэд хамгааллын үйлчилгээ мэргэжлийн түвшинд, шаардлагатай хүүхэд бүрт хүртээмжтэй хүрэх болно. Хүүхэд хамгааллын үйлчилгээ төрөлжиж, нэр төрөл нь олширч, чанар, хүртээмж дээшилнэ. Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирна. Энэ хууль хэрэгжсэнээр төсвийн ачаалал бий болох хэдий ч хүүхэд бүрийн эрх баталгаатайгаар хамгаалагдах нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд оруулах үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болно гэж үзэж байна гэлээ.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа нар үг хэлэв.  Гишүүд хүүхдийг хүчирхийлэлд өртсөний дараа бус хүчирхийлэлд өртөхөөс өмнө хамгаалах, урдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажиллах, хүүхэдтэй ажиллаж байгаа багийнхныг мэргэжлийн сургалтад хамруулах, хүүхдийн хүчирхийлэл гэдэгт юуг ойлгохыг тодорхойлж, асуудалд цогцоор нь хандах шаардлагатай гэлээ.

    Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар дэмжив.  Уг асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.