Цаг үеийн мэдээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын  талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. 

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л. Ганбат: “Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар 10 цагт түүхийн хичээлийн шалгалтаар эхэлж байна. 23, 24, 25, 26–ны өдрүүдэд 10 хичээлийн шалгалт зохион байгуулагдана. Энэ жил ЭЕШ-д нийтдээ 56,253 шалгагч хамрагдаж байгаагаас 29.200 орчим нь энэ жил 12-р анги төгсөж байгаа хүүхдүүд байгаа бол 7 мянга орчим нь дахин шалгалт өгч байна. Нийт шалгуулагчийн 80 хувь нь Англи хэл, нийгэм, физикийн хичээлээр өгч байна. 10 орчим хувь газарзүй, түүх, орос хэл хичээлээр шалгалт өгч байна гэсэн статистикийн судалгаа байна. Энэ жилээс элсэлтийн ерөнхий шалгалтад өөрчлөлт оруулж, жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Зургаадугаар сар болон арванхоёрдугаар сард ЭЕШ-тыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад явж байна. Монгол хэл бичгийн шалгалтыг жилд гурван удаа авахаар засгийн газраас тогтоол гарсан. Олон улсын шалгалт өгсөн бол ЭЕШ-т өгөхгүйгээр дүн оноогоо дүйцүүлэх боломжтой боллоо. Улмаар дүйцүүлсэн оноогоороо дотоодын их, дээд сургуульд сурах нөхцөл, боломж нь бүрдэж байна. Үүнтэй холбогдуулан 560 гаруй шалгуулагчийн дүн оноог дүйцүүлж, батламж хуудсыг олгосон. 

Мөн өнгөрсөн хоёр жилд цахим сургалтын улмаас хоцрогдлыг арилгах, мэргэжлийн сэтгэлзүйчдийг ажиллуулах, шалгуулагчдад зөвлөгөө өгч ажиллаж байна. ЭЕШ-ын зорилго нь шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаахад чиглэсэн уралдаант шалгалт бөгөөд үр дүн нь 2,5 жилийн хүчинтэй байдаг. Оноог гаргах аргачлал нь тухайн жил шалгалт өгсөн шалгуулагчдын оноотой л харьцуулагддаг гэдгийг тодотгомоор байна. 

ЭЕШ-ыг зургаадугаар сарын 23-26-н хүртэл авах ба 28-ны өдрөөс эхлэн цахимаар батламж хуудсаа шууд хэвлэн авах боломжтой. Мөн ТҮЦ машинаас дүн онооны батламж хуудсаа хэвлэн авч болно. Өнөөдрийн түүхийн хичээлийн шалгалтад хоцорсон тохиолдол гарсангүй. Гэхдээ замын түгжрэл, зам засвар, хувийн зохион байгуулалт хангалтгүйн улмаас хоцрох тохиолдол гардаг.

Шалгалтын дараа байр бүрд шалгалтын дүн тухайн өдрөө гарах ба нэгдсэн жагсаалтыг БҮТ-ийн eec.mn сайтад олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэв.