Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Ерөнхий Ассемблей “Дипломат албаны эмэгтэйчүүдийн олон улсын өдрийн тухай” тогтоол баталж жил бүрийн 6 дугаар сарын 24-нийг олон улсын эмэгтэй дипломатчдын өдөр болгон тэмдэглэх тухай шийдвэр гаргасныг Монгол Улсын Гадаад харилцааны яам сайшаан дэмжиж дипломат харилцаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг үүрэг роль, хувь нэмрийг үнэлсэн олон улсын хамтын хүчин чармайлтад эв санааны нэгдлээ илэрхийлээд байна.

Монгол Улсын Засгийн газар нийгмийн бүхий л салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг чадавхжуулах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Монгол Улс дотооддоо төдийгүй НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хангахад чиглэсэн бүхий л хүчин чармайлтыг дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж ирсэн.

Олон улсад хийсэн судалгаанууд эмэгтэйчүүдийн нийгэм, улс төр, цаашлаад бизнесийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх нь илүү шударга, эрх тэгш, тайван нийгмийг цогцлоох, эв эеийн бүлээн уур амьсгал, энэрэнгүй соёлыг түгээхэд чухал ач холбогдолтой болохыг илтгэн харуулдаг.

Өнөөдөр Гадаад харилцааны салбарт ажиллаж буй дипломат ажилтнуудын тал хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.  Дипломат албаны түүхэнд гадаад харилцааны салбарыг гурав дах эмэгтэй сайд тэргүүлж байгаа төдийгүй анх удаа зургаан эмэгтэй Элчин сайд Монгол Улсыг төлөөлөн ажиллаж байна.

Түүнчлэн дипломат албан дахь эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 тогтоолд уриалсны дагуу НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоог 15 хувьд хүргэх бодлогыг тууштай баримтлан ажиллана.

Энэ 6 дугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн “Дипломат үйл ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн олон улсын өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын бараг бүх гишүүн орнууд (191 улс) дэмжсэнээр санал нэгтэйгээр баталсан. Энэхүү тогтоолын дагуу жил бүрийн 6 дугаар сарын 24-ний өдрийг “Дипломат албаны эмэгтэйчүүдийн олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Манай улс дээрх тогтоолыг хамтран санаачилсан орны хувьд өнөөдрөөс эхлэн жил бүр энэ өдрийг олон улсын эмэгтэй дипломатчдын өдөр болгон тэмдэглэнэ гэдгээ зарлахын сацуу олон улсын тавцанд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх аливаа санал, санаачилгыг цаашид ч дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.