Цаг үеийн мэдээ

Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай холбоотойгоор асуудал бэрхшээлийг тодорхойлох, хэрэгжүүлэх арга замыг санал болгох, турших, нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг шат дараатай зохион байгуулж, өөрчлөлт  сайжруулалтыг хурдацтай хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм. Иймд хүний нөөцийн удирдлага, ёс зүйн бодит асуудалд чиглэх арга зүй, менежментийн дэмжлэг үзүүлэх дэд төслийг 6 яам, 5 агентлаг, 3 орон нутагт хэрэгжүүлж байгаагийн нэг нь Завхан аймаг юм.

Төслийн хүрээнд хууль сахиулах байгууллагын албан хаагчид, төрийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, агентлагийн дунд түвшний удирдан ажилтан, шинээр томилогдсон төрийн албан хаагчид оролцох “Төрийн албаны ёс зүй” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022-06-25/ эхлүүллээ. 

Сургалт-хэлэлцүүлгийн үйл ажиллагааг УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Канадын элчин сайдын яамны хөгжлийн асуудал хариуцсан захирал Глен Зизанский, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нар нээж үг хэллээ. 

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан: “Завхан аймгийнхаа ард иргэдэд төрийн албыг төлөвшүүлж, чадваржуулах, хүнд сурталгүй, иргэндээ ойр  байлгах амлалт өгснийхөө дагуу Монгол Улсын төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн хүсэлтийг хүлээн авч бодит ажлуудыг хэрэгжүүлж буйд нийт ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулахыг зорьж буй боловч хүнлэг иргэн, хүнлэг үйлчилгээ, хүнлэг төрийн албыг төгс байлгаж чадахгүй өдийг хүрчээ. Өнөөдөр олон салбарт ёс зүй, төлөвшил, хүний хөгжлийн бодлого алдагдсан байна. Иймд төрийн түшээдээсээ эхлээд төрийн албан хаагчид ёс зүйн зарчмыг чанд баримталж чадвал иргэдийн төрдөө итгэх итгэл нэмэгдэж, илүү гэгээлэг нийгмийг бүтээж чадна. Цаашид улсын хэмжээнд төрийн албыг авлигаас ангид байлгах, төрийн албан хаагчдаа чадваржуулах, ёс зүйг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллана.” гэлээ. 

Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал: “Завхан аймагт 5560 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчид өндөр ёс зүй, сахилга хариуцлагатай байж үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Тиймээс Завхан аймаг 2022 оныг “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын сургалт зөвлөгөөнийг бүсчлэн зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна. Цаашид төрийн албан хаагчид энэхүү төслийн хүрээнд зохион байгуулж буй сургалт зөвлөгөөнүүдээс авсан мэдлэг, мэдээллээ чанд хэрэгжүүлж ажиллах ёстой. Хэвшмэл ойлголт, өрөөсгөл хандлагаас татгалзаж, мэдлэг мэдээллээ тогтмол дээшлүүлж, иргэн бүртэй эрх тэгш харьцах шаардлагатай. Ингэснээр Завхан аймагт ёс зүй, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчид нэр хүндтэй байх хөрс суурь бүрдэнэ” гэв. 

Өнөөдрийн хэлэлцүүлэгт хууль сахиулах байгууллагуудын 80 гаруй албан хаагч оролцож байна. 

Тав хоногийн хугацаанд үргэлжлэх сургалт хэлэлцүүлэгт мөн төрийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, агентлагийн дунд түвшний удирдан ажилтан, шинээр томилогдсон төрийн албан хаагчид оролцоно.

Мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх энэхүү төсөл хэрэгжсэнээр цаашид төрийн албаны шударга байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах чиглэлээр дэд төслийн үйл ажиллагааг институцчлэх, улмаар бусад төрийн байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх бодит боломж бүрдэх юм.