Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Жавхлант сум дахь “Газар өгөөж” ХХК энэ жил анх удаа 3000 га талбайд тариалалтын шинэ аргыг туршиж, ердөө 10 гаруй хоногийн дараа ургацаа хураан авах гэж байна. 

Цаг хугацааны хувьд эрт, хөрс чийгтэй байх үед буюу 4-р сарын эхэн, дунд үед бага нормоор тариалдгаараа онцлогтой. Ямар нэгэн бордоо ашиглахгүй, зөвхөн ургамал хамгааллын бодис ашигладаг гэдгээрээ давуу талтай. 

Энэ аргыг анхны жилдээ туршиж байгаа гэхэд буудайн болц сайн, 1 га-гаас 14-15 центнер ургац авах урьдчилсан төлөвтэй байна. 

Гурилын үйлдвэрүүдийн шаардлага, стандартад нийцсэн, хуурай, цавуулаг сайтай, чанартай буудай үйлдвэрлэхийн тулд энэ аргыг туршиж байгаа хэмээн тариаланч Р.Болорсайхан ярьсан юм.

Салбар яам уур амьсгалтын өөрчлөлтөд дасан зохицсон тариалалтын арга технологийг нэвтрүүлэх бодлоготой байгаа бөгөөд дээрх аргыг хөгжүүлэх чиглэлд анхаарч байна.