Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланч М.Мөнхбаярын талбайд ургац хураалт хэдийнэ эхэлжээ. Энэ жил 20 га-д лууван, 20 га-д сонгино, 7 га-д байцаа тариалсан байна. 

Монгол Улсын Засгийн газар 2022 онд нэгэн чухал шийдвэр гаргасан нь хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл юм. Тариаланч М.Мөнхбаяр энэ зээлийг авснаар үйлдвэрлэлд нь маш том дэмжлэг болсныг хэлэв. Одоо харин ургац хураалтад ажиллах хүн хүчний асуудал хамгийн чухал байгаа учир үүнд анхаарч өгөхийг хүслээ.
Дархан-Уул аймаг Монгол Улсын төмс, хүнсний ногоо, ялангуяа нарийн ногооны 15-18 хувийг хангадаг. Үүний дийлэнхийг буюу 90 хувийг Орхон сумын ногоочид дангаараа үйлдвэрлэдэг байна. 

Энэ жил 482 га-д төмс, 1518 га-д хүнсний ногоо тариалах зорилт дэвшүүлсэн ч 646 га-д төмс, 1525 га-д хүнсний ногоо тариалж төлөвлөгөө давуулан биелүүлжээ. Хүнсний ногооны тариалалт ийнхүү нэмэгдсэн нь төрөөс гаргасан бодлого шийдвэрүүдтэй холбоотой. Хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох шийдвэр нь ногоо тариалах хүсэлтэй иргэд, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болсон гэж тариаланчдын төлөөлөл хэлсэн юм. 

Дархан-Уул аймгийн хэмжээнд үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 107 аж ахуйн нэгж, иргэн 12,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. 

Цаашид Үрийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор үрийн аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. 

Энэ намрын ургац хураалтад шаардагдах шатахууныг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зорилгоор зөрүүг олгоно. 

Газар тариалангийн хөнгөлөлттэй зээлийг тогтворжуулна. 

Хүнсний ногоочдод агуулах, борлуулалт чухал байдаг учир энэ намар нийслэлд 45 хоногийн хугацаанд борлуулах талбайг түрээсгүй гаргаж өгнө. 

Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Хүнсний хангамж-аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэл явагддаг гол бүсүүдэд механикжсан агуулах, зоорь барина.