Цаг үеийн мэдээ

“Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдааны цэрэг хүний тэсвэр хатуужил, эр зориг, авхаалж самбаа, үүрэг гүйцэтгэх чадавхыг сорих 130 км алсын зайн марш ОХУ, Узбекистан улсын баг тамирчдаар 8 дугаар сарын 14-ний энэ өдөр эхэллээ.
  Хоёр цагийн зөрүүтэй гараанаас гарсан баг тамирчдыг "Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, хорооны штабын дарга, хурандаа Ш.Гантулга, ОХУ-ын багийн ахлагч, хурандаа Алексей Константинович Покровский, Узбекистан Улсын багийн ахлагч, дэд хурандаа Зокир Юсупович Яллакаев болон Монгол Улс, Зимбабве Улсын морьтон дайчид журмын нөхдөө үдэн мордуулж, амжилт хүслээ.  Гарааны өмнө уралдааны шүүгчийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, хошууч З.Бат-Оргил тамирчдын бичиг баримт болон бусад шаардлагатай бүрдэлийг нь нарийвчлан шалгасан юм.
ОХУ-ын морьтон дайчдын хувьд Алс Дорнодын Ерөнхий цэргийн командын сургуулийн 2-4 дүгээр дамжааны дэд түрүүч, сонсогч нараас бүрдэж, тасгийн захирагчаар сонсогч Ш.К.Леонидович ажиллаж байна. Тэд энэ жил дотооддоо буюу ОХУ-ын хүрээнд зохион байгуулагдсан морин цэргийн уралдааны аваргууд юм.
Узбекистан Улсын цэргийн багт 21-26 насны түрүүч цолтой морьтон дайчид багтсан ба морин цэргийн уралдаанд 80 гаруй хувь нь оролцож байсан туршлагатай. 2021 онд ОХУ-д зохион байгуулагдсан "Аравт-2021" уралдаанд мөнгөн медаль хүртсэн дайчдын тасгийн захирагчаар дэд түрүүч Ш.Х.Мелибоев ажиллаж байна. Тус багийнхны хувьд Монгол Улсад ирэхээс өмнө эх орондоо 5 сар гаруй хугацаанд бэлтгэлээ бүрэн хангаж, монгол морьтой хийх дадлагыг 8 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн юм.
 ОХУ, Узбекистаны багууд одоогоор алсын зайн маршийн эхний ус гатлалтын цэгт үүрэг гүйцэтгэж, замдаа гараад байна. Тэд хоёр өдөр, нэг шөнийн хугацаанд усан болон минэжүүлсэн талбайг туулахаас гадна морь бугуйлдах, уналгад бэлтгэх, морин эргүүлээр бай олох, бартаа саад бүхий газарт хоноглож, эцэст нь шархтанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шархтан, сум галт хэрэглэлийг хөнөөлийн голомтоос татан гаргах, морьдоо богино хугацаанд услах дасгалуудыг гүйцэтгэнэ.  

 Баг тамирчдыг дагалдаж агтчин, малын эмч, хүний эмч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хяналтын болон олон улсын шүүгч нар ажиллаж байна. 

  Монгол Улс, Зимбабве Улсын баг тамирчид маргааш буюу 8 дугаар сарын 15-ны өдөр алсын зайн маршид гарна. Энэхүү тэмцээний алсын зайн марш 8 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд, ойрын зайн холимог буухиа 8 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд болно.