Цаг үеийн мэдээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Ривер хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэл холбох 1 км авто зам, зогсоолын ажлын явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт танилцлаа.

Тус авто зам нь 13.8 метр өргөнтэй бөгөөд хоёр урсгал бүхий ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ.

Уг төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээ сайжирч, Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбогдох авто замын сүлжээ бий болно. Мөн “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны оршин суугчид баруун болон зүүн тийш гарсан хоёр гарцтай болж Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд үүсдэг түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Уг замын ажлыг наймдугаар сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.