Цаг үеийн мэдээ

“Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл болох “Цэргийн ралли 2022” олон улсын уралдааны нээлтийн ажиллагаа өнөөдөр Увс аймгийн наадмын төв талбайд боллоо.

Уралдааны нэгдүгээр үе шат нь Монгол Улсын нутаг дэвсгэрт анх удаа явагдаж буй тус тус тэмцээний нээлтийн ёслолд ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, “Цэргийн ралли 2022” уралдааны ерөнхий шүүгч хуранлаа С.С.Чертиков, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, ЗДТГ-ын дарга Д.Болор-Эрдэнэ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, оролцогч орнуудын баг тамирчид, орон нутгийн иргэд оролцлоо.

Ёслолын ажиллагаа “Цэргийн ралли 2022” олон улсын уралдааныг зохион байгуулах хорооны штабын дарга хурандаа Б.Хаш-Эрдэнэ тэмцээнд оролцох баг тамирчид бэлэн жагссаныг хурандаа Т.Галбадрахад илтгэснээр эхлэв.

Ёслолын ажиллагааг нээж хурандаа Т.Галбадрах хэлсэн үгэндээ “Юуны өмнө энэхүү жагсаалд жигдрэн жагссан зэвсэг нэгт эрхэм анд нөхөд, офицер, ахлагч та бүхэндээ уулс усны диваажин Увсын цэнхэр хязгаар нутгийн энэ сайхан өглөөний мэндийг өргөн дэвшүүлье.

Олон улсын цэргийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой олон улсын цэргийн наадам анхлан зохиогдож эхэлсэн мөчөөс манай Зэвсэгт хүчний алба хаагчид идэвхтэй оролцож, амжилт, оролцоогоо улам бүр нэмэгдүүлсээр байна. Үүний нэгэн жишээ бол Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагдахаар шийдвэрлэгдэж, өнөөдөр нээлтээ хийж байгаа “Цэргийн ралли” авто уралдаан юм.

Өнгөрсөн онд ОХУ-д зохион байгуулагдсан анхдугаар тэмцээнд 8 орон оролцсоны нэг нь Монгол Улс байсан бөгөөд манай баг тамирчид амжилттай оролцож нийт 5 медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлсэн бол энэ жил манай улс тус тэмцээнийг хамтран зохион байгуулагч орон болж, нийт 4 үе шаттай явагдах авто уралдааны эхний шатыг эх орондоо зохион байгуулж байна. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн алс холын замыг туулан ирсэн ОросынХолбооныУлс, Узбекистан, Беларус улсын Зэвсэгт хүчний баг тамирчид Та бүхэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

Өнө эртний баялаг түүх, дайчин уламжлалтай, байгалийн үзэсгэлэн цогцолсон манай эх оронд Та бүхний саатах хугацаа хэдийгээр богино боловч Монгол түмний нүүдэлчин ахуй соёл, уламжлал, зан заншилтай товч боловч танилцаж, манай улсын байгалийн өвөрмөц онцлог, UNESCO-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн байгалийн цогцолборт газартай танилцаж, цэргийн дайчин нөхөрлөл, анд нөхдийн холбоогоо улам батжуулж, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Уралдааныг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Увс аймгийн удирдлага, Увс нутгийн зон олонд Монгол Улсын ЗХЖШ-ын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэдгийг онцлоод баг, тамирчдад амжилт хүсэв.

         Төгсгөлд нь нээлтийн ажиллагаанд зориулсан урлагийн тоглолт тоглогдож, уралдаанд оролцогч орнуудын баг тамирчид ёслолын жагсаалаар алхсан талаарх мэдээг бидэнд ирүүлсэн юм.