Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нарын 13 эмэгтэй гишүүн “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр (2022.08.19) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомж боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа улам эрчимтэй явагдаж байна. Тэдгээрийн нэг нь эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь бодит оролцоог нэмэгдүүлэх бодлого бөгөөд олон улсын санхүүгийн байгууллагууд үүнийг ихээхэн дэмжиж байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлээд зогсохгүй тэдний гэр бүлийн орлого өсөх, амьдралын чанар сайжрах, тухайн өрхийн хүүхдийн боловсрол сайжрах гэх зэрэг нийгмийн олон асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чухал хөшүүрэг гэж үздэг хэмээн хууль санаачлагч танилцуулав.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 

"Бид улс орныхоо өнцөг булан бүрт хүрч, 21 аймаг, 9 дүүргийн эмэгтэйчүүдтэйгээ нүүр тулан уулзсан билээ. Эмэгтэйчүүдийн маань чин хүсэл - ажил хөдөлмөр эрхэлж, ашиг орлоготой болох байлаа. Тиймээс УИХ-ын 13 эмэгтэй гишүүн "Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хууль"-ийн төсөл санаачлан боловсруулсанаа өнөөдөр өргөн барьлаа. Энэ төсөл нь эмэгтэйчүүдэд давуу эрх олгох тухай биш харин эмэгтэйчүүдийн эдэлж чадахгүй байгаа эдийн засгийн эрхийг сэргээх тухай юм. Азийн хөгжлийн банкны судалгаагаар эмэгтэйчүүдээ дэмжсэн улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнээ 16 хувиар өсгөж чадсан" гэлээ.