Цаг үеийн мэдээ

 Хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилготой Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн өнөөдрөөс 27-ны өдрийн дуустал Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана.

        Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас шалгарсан баг тамирчид Таван толгойд байрласан бөгөөд өнөөдөр батлан хамгаалах салбарын соёл, сурталчилгааны өдөрлөгөөр “Дөл-2022” цогцолбор тэмцээний үндсэн үйл ажиллагаа эхлэх юм. 

        Тус өдөрлөгийн үеэр Монгол цэргийн музей нүүдлийн музейгээ дэглэж, Зэвсэгт хүчний Жанжин штаб зэвсэг техникийн үзэсгэлэн гарган Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар сурталчилгаа хийж, Нийслэлийн цэргийн штаб цэргийн алба, ҮБХИС элсэлтийн шалгалт, сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, ЦДБЭЧ бүрэн хэмжээний тоглолтоо сонирхуулах ажээ.