Цаг үеийн мэдээ

15 настай Гэгээн  охин өсвөр насныханд зориулан уруул өнгөлөгч, уруулын тэжээл болон хөмсөг сормуусны тэжээл зэрэг өөрийн нэрийн гоо сайхны 4 төрлийн 13 бүтээгдэхүүн хийж байна. Шинийг эрэлхийлэгч,  хөдөлмөрч сурагч А.Гэгээнтэй цөөн хором ярилцлаа. 

Сайн байна уу? Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Сайн байна уу. Намайг Гэгээн гэдэг би 15 настай 10-р ангийн сурагч. 

Өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнээ хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Би бүтээгдэхүүнээ хийж эхлээд 2 жил болох гэж байна. Бүтээгдэхүүнийхээ орц, найрлагыг судлах загвараа гаргах, бүтээгдэхүүнээ хийх гээд 5 сарын хугацаа зарцуулагдсан.  

Одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүн хийж, худалдаалж байгаа вэ?

-Одоо өсвөр насныханд зориулсан уруул өнгөлөгч, уруулын тэжээл болон хөмсөг, сормуусны тэжээл зэрэг 4 төрлийн 13 бүтээгдэхүүн гаргаж байна. 

Дэлгүүрийн нэрийн тухайд анх  “Үнсье beauty” гэдэг нэртэй байсан шүү дээ? 

-Анх дэлгүүрээ нээхдээ “Үнсье beauty” гэдэг нэртэй байсан. Энэ нэрээ өөрчлөөд “Үнсье selfcare” гэдэг нэртэй болгосон. Учир нь “Selfcare” гэдэг нь өөртөө анхаарал тавих, өөрийгөө арчлах гэсэн үг. Би үеийнхнийгээ өөртөө анхаарал тавьж,  өөрийгөө арчлаасай гэж боддог. 

Бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг вэ?

-Бүтээгдэхүүний маань орц найрлага 0-3 насны нярай хүүхдүүдэд зориулсан эрүүл, харшил өгдөггүй орц найрлагаар бүтээгдэхүүнээ хийдэг. Өөрийн хүссэн бүтээгдэхүүнээ гаргахын тулд маш олон туршилт хийдэг. Бүтэлгүйтэх тохиолдол бас цөөнгүй байдаг. 

Цаашид өөр төрлийн бүтээгдэхүүн гаргах санаа бий юу? 

-Мэдээж би дэлгүүрээ улам өргөжүүлж, илүү олон төрлийн бүтээгдэхүүн гаргана гэж боддог. Одоогоор нүүрний тос, нүүрний тэжээл, уруулын тентийг судалж эхэлж байгаа. 

Үйлчлүүлэгчдийнхээ тухай? 

-Миний фэйсбүүк пэйжийг 40 мянга, инстаграмм пэйжийг 6 мянган  хүн дагадаг. Миний үйлчлүүлэгч давхардсан тоогоор 3000 мянга орчим, сар бүр захиалга өгдөг 200 гаруй үйлчлүүлэгч байгаа. Захиалагч нараас гадна 2021 оны шинэ жилээр “Хөгжим бүжгийн” хүүхдүүдэд 100 гаруй уруул өнгөлөгч тарааж байсан. Мөн ээжтэй хамт сайн үйлсийн аянд оролцохдоо өөрийн бүтээгдэхүүнээс бэлэг болгон өгч байсан. 

Өсвөр насныханд зориулагдсан олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн байдаг. Тэр бүтээгдэхүүнээс ялгарах онцлог?

-Гадуур миний бүтээгдэхүүнээс хямдхан уруул өнгөлөгч, уруулын бүтээгдэхүүнүүд зөндөө байдаг. Өөрийн бүтээгдэхүүнээ үнэхээр чанартай гэж боддог. Яагаад гэвэл орц, найрлагын хувьд Америк, Канад, Австрали улсаас захиалж авчирч, өөрийн гараар хийж, загварын гаргадаг. Энэ нь “Үнсье Selfcare” онцлог гэж боддог. Мөн манай бүтээгдэхүүнд хадгалах хугацааг уртасгах, барьцалдуулагч, химийн орц, найрлага ордоггүй учраас гадуур зарагддаг уруул өнгөлөгчүүдээс давуу талтай. 

Хүмүүс уруул арчилгааг тэр бүр чухалчилж авч үздэггүй шүү дээ ?

-Хүмүүс уруул арчилгаа амархан гэж боддог. Гэтэл үнэндээ омголтсон, хатчихсан уруулыг булбархай, зөөлөн болгоход  хугацаа их шаарддаг. Би эрүүл мэндийг тэр чигтээ гоо сайхан гэж боддог. Үнэхээрийн эрүүл уруул будаг хэрэг  байдаггүй. Эрүүл уруулын өнгөлөөд гаргахад үнэхээр гоё харагддаг.

Гэр бүл нь хэрхэн дэмждэг вэ?

-Би багасаа гар урлалд сонирхолтой байсан. Зураг зурах, хатдаг баримлын шавраар бүтээл хийх дуртай хүүхэд байсан. Миний гаргасан санааг үргэлж, дэмжиж нээлттэй ханддаг байсан. Ихэнх өсвөр үеийнхэн аав, ээжтэйгээ дотно биш , ярилцдаггүй. Миний хувьд  аав, ээжтэйгээ илүү нээлттэй ярилцдаг. Тийм болохоор илүү өөдрөг, сэтгэл санааны хувьд нь санаа зовох зүйл байдаггүй. Ирээдүйд ээж болохоороо хүүхэдтэйгээ ярилцдаг, сэтгэл санаанд анхаарал тавьдаг байна гэж боддог. 

Үеийнхэндээ хандаж юу хэлэх вэ?

-Бусдад таалагдахын тулд өөрийгөө өөрчлөх гэж хичээдэг юм шиг санагддаг. Би найзуудыгаа өөрийгөө хайрлаасай, өөртөө итгэлтэй байгаасай, өөрийнхөөрөө байгаасай л гэж боддог.