Цаг үеийн мэдээ

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын сайд нарын бага хурал энэ сард Австрали улсад зохион байгуулагдана

Дэлхий нийтээрээ байгалийн гамшигт үзэгдлүүд нэмэгдсэнтэй холбоотойгоор болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах тал дээр Олон улс анхаарч ажиллах болсон. 

Тэр дундаа Ази номхон далайн бүс нутгийн улс орнууд нь гамшигт өртөмтгий бүс нутаг учраас 2 жил тутамд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Ази, Номхон далайн бүс нутгийн сайд нарын бага хурлыг зохион байгуулдаг билээ. Энэ жил тус хурал Австрали улсын Брисбен хотод зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчөөр оролцох юм. 

Үүнтэй холбоотойгоор Шадар сайд ОБЕГ-ын удирдлагуудтай уулзаж, бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Бид өмнө гамшгийг зөвхөн үер, ган зуд, түймэр, салхи шуурга гэх мэт байгалийн болзошгүй эрсдэлийн хүрээнд хардаг байсан бол одоо Олон улсын нөхцөл байдал, цаг үеийн шаардлага олон төрөлт, нийлмэл болон дагалдах эрсдэл, бүр цаашилбал системийн хэмжээний олон эрсдэл бий болоод байна. Үүнтэй холбоотойгоор гамшигтай тэмцэх байгууллага болох Онцгой Байдлын Ерөнхий газрын үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой төлөвлөх, богино хугацаанд шинэчлэх шаардлага бий. Гамшгаас урьдчилан сэргийлнэ гэдэг бол иргэд, олон нийтийн оролцоог хангах, мөн  мэргэжилтнүүдээ чадавхжуулахад оршино. Аливаа гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зарцуулсан зардал нь гамшгийн дараах зардлаас ямагт бага байдаг” хэмээгээд холбогдох мэргэжилтнүүдэд хэд хэдэн үүрэг чиглэл өглөө. 

Тухайлбал, 

- ОБЕГ-ын үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой төлөвлөх, богино хугацаанд шинэчлэх, 

- Гамшгийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах,

- Техник технологийг шинэчлэх, чадвартай боловсон хүчний томоохон баг бэлтгэх, 

- Салбарын уялдаа холбоог сайжруулах ажлыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэхээс гадна иргэдийн оролцоог сайжруулах чиглэлээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх иргэний хамгааллын ажлыг бүх шатанд тогтмол зохион байгуулж, сургуулийн өмнөх, ЕБС, Их дээд сургуулиудад тусгайлсан хөтөлбөрөөр сургах ажлыг эхлүүлэх нь чухал байгааг онцолсон юм.