Цаг үеийн мэдээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Ардчилсан намын удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.

УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор, 1937 оны есдүгээр сарын 10-нд улс төрийн хилс хэрэгт иргэдийг хэлмэгдүүлж эхэлсэн энэ өдрийг төлөөлүүлж "Хэлмэгдэгсдийн өдөр"-ийг тэмдэглэж, тэдний дурсгалыг хүндэтгэх өдөр болгон зарласан юм.  

1922-1990 оны хооронд буюу ардчилсан хувьсгал хүртэлх хугацаанд улс төрийн хэргээр хэлмэгдүүлсэн үеийг авч үздэг. 

Нийт 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлж, өрх бүрийн амьдралд гуниг зовлон дагуулсан энэ гашуун түүх нь Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө ямагт дээдлэн хамгаалах үүрдийн сургамж болсон юм.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хүрээнд 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг өнгөрсөн хугацаанд төрөөс олгоод байна. 

Мөн хилс хэрэгт шийтгэгдсэн 31 604 хүнд холбогдох 10226  хэргийг цагаатгажээ.