Цаг үеийн мэдээ

Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хавдрын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, иргэдэд хүлээгдэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор лавлагаа шатлалын УХТЭ-т хавдрын мэс заслын иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн ерөнхий захирлууд ХСҮТ-тэй урт хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

Тус санамж бичгийн хүрээнд хүн амыг хортой болон хоргүй хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, хянах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэх зорилгоор хавдрын хөнгөвчлөх, хими эмчилгээ, хавдрын бүртгэл, хавдрын мэс засал, эрт илрүүлгийн чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэн сургаж, чадавхжуулах дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Үүнд:

• Төгсөлтийн дараах сургалтыг тасралгүй олгож эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах

• Ажлын байран дээрх мэргэжил дээшлүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулах

• Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран хийж, өвчлөлийн шалтгаан нөхцөлийг тодорхойлж урьдчилан сэргийлэх 

• Хавдрын бүртгэл, тандалтыг эрчимжүүлэх

• Зайн оношилгоо, эмчилгээнд зөвлөн туслах зэрэг ажлууд хийгдэхээр болжээ.