Цаг үеийн мэдээ

ОХУ Украины Донецк, Луганск, Херсон, Запарожье мужуудад бүх нийтийн санал хураалтаар иргэдийн дэмжлэг авсан тул дээрх дөрвөн мужийг өөрийн газар нутагт нэгтгэхээр болсноо өнөөдөр зарлах гэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вашингтоноос хийсэн мэдэгдэлдээ Оросын бусармаг үйлдлийг хэзээ ч, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ.

Оросын хэвлэлүүдээр Ерөнхийлөгч Владимир Путин Запарожье, Херсон мужуудыг тусгаар бүс гэдгийг зарласан тунхаг бичигт өчигдөр гарын үсэг зурсан тухай дамжуулсан юм. Байдены мэдэгдсэнээр Оросыг Украины бүс нутгийг албадан хүчээр өөртөө нэгтгэснийх нь төлөө Вашингтон шинэ хориг арга хэмжээ авахаар болжээ. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хүч хэрэглэн тусгаар улсын нутаг дэвсгэрийг булаах нь олон улсын хууль тогтоомж, НҮБ-ын үндсэн зарчмыг зөрчсөн үйлдэл бөгөөд орчин цагт ийм явдал байж болохгүй гэдгийг хэлжээ. Түүнчлэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Путинтай утсаар ярьж уг үйлдлийг эсэргүүцэхээ илэрхийлсэн тухай эх сурвалж мэдээлэв. 

Путин Украины дөрвөн мужийг нэгтгэсэн тухайгаа баяр ёслолын байдалтай мэдэгдэн тэмдэглэхээр бэлтгэлээ базааж эхэлжээ. Москва хотын Улаан талбайд дөрвөн мужийг Оросынх болсныг зарлан тунхагласан зурагт самбаруудыг байрлуулж, тоглолтын тайз зассан байна. Энэ нь Кремль 2014 онд Крымыг нэгтгэсэн үеийг санагдуулж байгаа аж.

Донецк, Луганск, Запарожье, Херсон мужуудад явуулсан санал асуулгыг Оросоос бусад улс орон, олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөөгүй. Мөн Украины талаас Оросын эсрэг тулаанаа үргэлжлүүлнэ гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Эх сурвалж: ВВС