Цаг үеийн мэдээ

Хоёр нутагтан, мөлхөгчдийн биет үзэсгэлэн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн үзэсгэлэнгийн танхимд болж өнгөрлөө.

Үзэсгэлэнгийн нээлтэд нийслэлийн ерөнхий боловсролын 52-р сургууль, 115-р сургууль, 32-р сургуулийн сурагчид, Хэвлээр явагч, мөлхөгч сонирхогчдын төлөөлөл өөрсдийн амьтадын хамт оролцлоо. 

Монгол оронд 4 овогт багтах 7 зүйлийн хоёр нутагтан, 2 салбар баг, 6 овог, 10 төрөлд багтах 24 зүйлийн мөлхөгчид тархсан байна. Энэ нь Дундад Ази, Зүүн Хойд Ази болон Төв Азийн цөлийн герпетологийн төрөл зүйлтэй харьцуулахад харьцангуй цөөн юм. Хэдийгээр зүйлийн бүрэлдэхүүн ядуу боловч Монгол орны гертетологийн төрөл зүйл эх газрын эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд дасан зохилдсон, түүхэн урт хугацаанд бүрэлдэн тогтсон өвөрмөц нэгдэл юм. 

Биологийн олон янз байдлыг хамгаалахын тулд мэдлэг мэдээлэл олгох, ач холбогдлыг таниулах, байгаль хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хандлагыг төлөвшүүлэх нэн тэргүүний шаардлага тулгарч буй. 

Иймд өнөөдрийн үзэсгэлэн нийслэлийн ерөнхий боловсролын сурагчид болон оюутнуудад монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн биологи, экологийн онцлог, тэдгээрийг ялган таних онолын мэдлэгийг өгч, ялгааг биет үзмэрээр үзүүлэн таниулснаараа ач холбогдолтой юм.