Цаг үеийн мэдээ

"Б", "О" нар нь “Т” баарны гадна архидан согтуурсан үедээ “муухай харлаа” гэх шалтгаанаар хохирогч "Б"-г бүлэглэн зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулжээ.

Уг гэмт хэргийг дээрх 2 этгээд бүлэглэж үйлдсэн учир Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ тохиолдолд 2.700.000-4.000.000 төгрөг хүртэл торгох ял, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан байдаг. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд  "Б", "О" нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.

 Шүүхээс,   "Б" , "О" нар нь тус бүр 23 настай бөгөөд гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардлыг нотлох баримтын хүрээнд төлсөн, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан, нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэн, хорих ял оногдуулаагүй байна. 

Харин, "Б", "О" нар нь шүүхээс тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах юм.  

 

Таны сурталчилгаа