Цаг үеийн мэдээ

Ардчилсан намаас 2022.10.17-ний өдөр УИХ дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан ШААРДЛАГА  хүргүүлж мэдээлэл хийсэн.

Уг албан шаардлагын хариуг өнөөдөр буюу 2022.10.19 өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар дамжуулж Ардчилсан Залуучуудын Холбоонд хүргүүллээ.

Ардчилсан намаас 2023 оны төсвийг сонгуулийн төсөв болгож оруулж ирж байна гэж харж байна. Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг эгүүлэн татаж авах шаардлагатай. Төсвийг татахгүй бол АН цаашдаа улс төрийн идэвхтэй тэмцэлд шилжинэ. Улс орны нийгэм, эдийн засаг, иргэдийн ажил, амьдрал ямар байгаа билээ. Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам хүндэрч байна. Төрөөс нийгэмд тустай бодлого, шийдвэр ерөөсөө гарахгүй байна. Төсвийн хөрөнгөөр УИХ-ын дарга нь анимейшн хийдэг. Ийм байдлаар бид урагшлахгүй. Тиймээс нэр бүхий хүмүүсийг огцруулах шаардлага тавьсан.

 "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дараах шаардлагыг хүргүүлж байна. Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг Засгийн газар нэн яаралтай эргүүлэн татан авч, Үндсэн хууль болон холбогдох хуулиудын хүрээнд Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн төсвийн төслийг дахин хянан боловсруулж, өргөн барихыг шаардаж байна" 

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарыг нэн даруй огцруулахыг шаардаж, хариуг 2022 оны аравдугаар сарын 19-ний дотор АН-д албан ёсоор мэдэгдэхийг шаардсан. 

Шаардлагыг хүлээн авч биелүүлээгүй тохиолдолд АН-ын зүгээс бусад улс төрийн нам, олон нийтийн байгууллагууд, иргэд, сонгогчдын өргөн оролцоотойгоор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, бүх нийтийн ажил хаялтад уриалах, зохион байгуулах зэрэг шат дараалсан тэмцлийг хийнэ гэдгээ анхааруулсан юм.

 Тэгвэл өнөөдөр уг шаардлагын хариуг албан ёсоор ирүүллээ.