Цаг үеийн мэдээ

UBS телевиз, PickPack болон White Arch Studios, UB Pictures-ийн хамтарсан бүтээл “НАРНЫ САДАН” уран сайхны кино Univision, DDISH, Look tv-д байршлаа.

Эцэг өвгөдийн үеэс өнөөг хүртэл уламжлагдан ирсэн өв уламжлалаа өөриймшүүлэн тодолж, бусдад “Минийх”, “Биднийх”, “Манайх” хэмээн бахархан нотолж, гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө шимтэн үзэж болохоор, бүх насныханд зориулагдсанд нь  “НАРНЫ САДАН” киноны ач холбогдол оршиж байна. 

Энэхүү бүтээлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Соёлын тэргүүний ажилтан Б.Алимцэцэг, Д.Мөнхтөмөр, Г.Алтангэрэл болон “Говийн домог”-ийн Эгээрэл гүнжийн дүрийг бүтээж олноо танигдсан Б.Замилан нар тогложээ. Мөн зохиолч, ерөнхий найруулагчаар СТА О.Эрдэнэ, ерөнхий продюсер, хөгжмийн зохиолчоор УГЗ Л.Балхжав, гүйцэтгэх продюсерээр Б.Анир, Т.Энэрэл, Д.Долгион, төслийн удирдагчаар СГЗ Ж.Баяр, зураглаачаар СТА Д.Цэрэнчимэд, Г.Алтаншагай, зураачаар СТА Т.Нямсүрэн, дууны найруулагчаар СТА Э.Эрдэнэбаяр нар тус тус ажиллажээ. 

Киноны товч танилцуулга

Хангайн нурууны дайд мухарт эвлэн нэгдэж, айлсан буудаггүй Харсарлагтынхан, Бүгээнсарлагтынхан хэмээх хоёр овог байжээ. Тэд жилдээ ганц удаа цуглаж, сүргийн манлай бухаа мөргөлдүүлэн наадам хийж, баясан цэнгээд дараа жилийн болзоот өдөр хүртэл эргэн уулзалдахгүйгээр салан одоцгоодог заншилтай юм санжээ. Гэтэл нэгэн наадмаар хоёр овгийн хооронд хагарал тэмцэлийн хар ангал жинхэнэ утгаараа биежиж, цусан өшөө авах хатуу нэхлийн хаалга онгойв. 

Кинонд цааш ямар үйл явдал өрнөхийг өнөөдрөөс эхлэн "Univision", "DDISH", "Look tv" видео сангаас үзэх боломжтой.