Цаг үеийн мэдээ

Энэ долоо хоногт Европын сансрын агентлаг (ESA) сансарт цахилгаан эрчим хүчийг хуримтлуулж, дэлхий рүү дамжуулах асар том нарны фермүүдийг сансарт ашиглах хэтийн төлөвийн талаарх гурван жилийн судалгааг батлах гэж байна.

Гол санаа нь сансрын тойрог зам дээр тус бүр нь энгийн цахилгаан станцтай тэнцэх хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг аварга цогцолборуудыг бий болгох явдал юм. Solaris төсөл нь сансарт суурилсан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх системийн практикийн үндэс суурийг тавих зорилготой юм.

ESA-ийн ерөнхий захирал Йозеф Ашбахер хэлэхдээ, сансрын нарны эрчим хүч ирээдүйд эрчим хүчний хомсдолыг арилгахад асар их тус болно гэж үзэж байна хэмээсэн байна.

"Бид нүүрстөрөгчөөс татгалзсан эдийн засаг руу шилжих хэрэгтэй. Тиймээс эрчим хүч үйлдвэрлэх арга барилаа өөрчилж, эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрс түлшний эзлэх хувийг мэдэгдэхүйц бууруулах хэрэгтэй" гэж тэр хэлжээ. "Хэрэв үүнийг сансраас хийж чадвал энэ нь маш том амжилт болно" хэмээн хэлжээ.

Сансраас нарны энергийг авахад илүү үр дүнтэй  яагаад гэвэл сансарт нар үргэлж тусах бөгөөд түүний цацраг нь агаар мандалд замхардаггүй. 

Энэ санаа нь хагас зуу гаруй жилийн турш байсаар ирсэн боловч өнөөг хүртэл хэрэгжүүлэх нь маш үнэтэй бөгөөд хэцүү мэт санагдаж байв. Харин одоо байдал өөрчлөгдөж дахин ашиглах боломжтой пуужин болон бусад шинэлэг зүйлсийн ачаар сансарт хөөрөх зардал эрс буурсан. Түүнчлэн сансраас дэлхий рүү утасгүй агаараар цахилгаан дамжуулах шинэ технологид ахиц дэвшил гарсан байна.

"Сансарт суурилсан нарны эрчим хүчний тухай санаа нь шинжлэх ухааны уран зөгнөл байхаа больсон" гэж Solaris санаачлагыг удирддаг ESA-ийн доктор Санжай Вижендран хэлжээ.

Эх сурвалж: BBC