Цаг үеийн мэдээ

Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурь 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрт тоглогдохоор болжээ.

Чингис хааны тухай өгүүлсэн кино, зохиол, ном товхимол, хөгжмийн бүтээлүүд дэлхийд олон байдаг ч түүний талаар хийсэн анхны дуурь нь Монгол Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Шаравын “Чингис хаан” дуурь юм. Уг дуурь нь 2 бүлэг, 6 үзэгдэлтэй, анх 2003 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрт УГЗ Л.Эрдэнэбулганы найруулгаар үзэгчдийн хүртээл болж байжээ. Харин 2016 оноос найруулагч УГЗ Ч.Найдандорж уг дуурийг шинэчлэн тавьсан байна. 

Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч бичсэн бөгөөд Монголын эзэнт гүрний түүхийг бүхэлд нь ганц дуурьт багтаан өгүүлэх боломжгүй тул их эзэн хааны бага залуу наснаас Чингис хаанд өргөмжлөгдөх хүртэлх хугацаанд өрнөсөн гол гол үйл явдал, өрнөл, зөрчлийг оруулж өгчээ. 

Харин хөгжмийн зохиолч Б.Шарав уг дуурь хэрхэн бүтсэн талаар “Монголчуудын түүхийн талаар өгүүлэхэд сүр хүч, түргэн хэмнэлтэй аялгуу зайлшгүй хэрэгтэй байсан. Үүнийг нөхөх гэж уг дуурийг бичсэн. Би олон хөгжмийн бүтээл бичсэн хүн. Гэхдээ ганцхан дуурь л бичсэн. Энэ нь "Чингис хаан" дуурь. Үүнийг бичихэд Монголын их түүх, нутаг ус, түүний эрч хүч, эрчим энерги надад нөлөөлсөн байх гэж боддог” хэмээн ярьжээ. 

“Чингис хаан” дуурийн онцлог нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон хайр сэтгэл, атаа хорсол, баатар эрсийн эрэлхэг тэмцэл гэхээсээ илүүтэйгээр XIII зууны үеийн монголчуудын ахуй амьдралын дүр зураг, нүүдэлчдийн ёс заншлыг шингээж өгсөн. Энэ утгаараа XIII зууны монголчуудын аж байдлыг өрнийн сонгодог урлагийн хэлнээ хөрвүүлсэн эл бүтээл Монголын соёл урлаг, оюун санааны үнэт өвд тооцогддог ажээ.