Цаг үеийн мэдээ

Орхон аймгийн зорилтот бүлгийн 50 өрхөд Монгол гэрийн халаалт, дулаалга,  агаар сэлгэлтийн ЧИП багц гардууллаа. 

Энэхүү багц нь бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах, айл өрхийн дотоод орчны бохирдлыг бууруулах, тав тухтай, дулаан өвөлжих боломжийг хангасан төдийгүй өрхийн санхүүд хэмнэлттэй бодит шийдэл юм. 

Түүнчлэн бүтээгдэхүүнийг ашиглахад хялбар, гэрийг жигд хэмээр халаах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ гадна болон дотор орчны агаарын бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой. 

Дээрх бүтээгдэхүүнийг Швейцарын Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Монгол Улсын Засгийн Газрын хамтран хэрэгжүүлж буй “Эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол болон олон улсын инженерүүдийн ур ухаанаар бүтээжээ.

ЧИП багцыг 2020 оноос эхлэн Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нэг мянга орчим айл өрхөд орон нутгийн санхүүжилт, ногоон зээлийн санхүүжилттэйгээр нэвтрүүлээд байна. 

Тус ажлыг “Пипл Ин Нийд” ОУТББ, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо хамтран хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Пипл ин Нийд ОУТББ-ын Суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишиг нар Орхон аймагт ажиллаж, ЧИП багцын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой “Гэр мэдээллийн төв”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцов. 

Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Орхон аймгийн засаг дарга С. Батжаргал нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Түүнээс гадна “Байгаль орчин, аялал жуулчлалын яам бусад яам, агентлаг, хөгжлийн түншүүдтэйгээ хамтран агаарын бохирдлыг бууруулах олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ тэдгээрээс амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэг нь Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлсэн “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийг бууруулах нь” төсөл юм гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б. Бат-Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

ЧИП багц нь шинжлэх ухааны үндэслэлтэй, Монгол болон олон улсын шилдэг дизайнерууд, инженер, үйлдвэрлэгчид хамтран гаргаж ирсэн шийдэл юм. Энэ багцыг илүү олон айл өрхөд хүргэх нь талуудын зорилт төдийгүй үр дүнтэй хэрэгжүүлэх нь олон хүүхэд, жирэмсэн эхчүүд, гэр бүлийг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалах юм.

Таны сурталчилгаа