Цаг үеийн мэдээ

“Их 7”-гийн орнууд болон Австрали Оросын нэг баррель нефтийн үнийн дээд хэмжээг 60 ам.доллар байхаар тохиролцжээ. Үүнээс өмнөхөн Европын холбооны орнууд ижил дээд хязгаар тогтоосон.

Үнийн дээд хязгаар гэдэг нь арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн Европын холбооны 27 орон, түүнчлэн Их Британи, АНУ, Канад, Япон, Австрали зэрэг орнууд Оросын нефтийг нэг баррелийг зөвхөн 60 ам.доллар болон түүнээс доош үнээр худалдан авсан тохиолдолд л усан онгоцоор зөөвөрлөх үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг юм. Үйлчилгээнд, түүнчлэн шатахууныг далайгаар тээвэрлэх албан журмын даатгал багтана. 

Улс орнууд Украин дахь дайныг үргэлжлүүлэхэд тус болж байгаа ОХУ-ын орлогыг бууруулахын тулд үнийн дээд хязгаар тогтоосон ба үүний зэрэгцээ нийлүүлэлтийг зогсоохгүйн тулд мөн дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөөс сэргийлж байна. АНУ болон Европын холбоо Оросын усан онгоцоор зөөвөрлөх нефтийг худалдан авахаас татгалзсан тул энэ арга хэмжээ нь "Оросын Украин дахь дайны үр дагаварт ихээхэн хохирол амссан бага, дунд орлоготой орнуудын хувьд онцгой ач холбогдолтой" гэж үзэж байна.

Тогтоосон дээд үнэ нь ОХУ-ын хувьд дэлхийн зах зээлд борлуулахад хангалттай ашигтай байна гэж тус улс орнууд мэдэгдэлдээ дурджээ.

Улс орнууд шаардлагатай бол дээд үнийг дахин хянаж, өөрчлөн тогтоох боломжтой.  Мөн тэдний мэдэгдэлд мөн ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний үнийн дээд хязгаарыг 2023 оны хоёрдугаар сарын 5-наас эхлэн тогтоохоор төлөвлөж байна.

Орос улс дээд хязгаар тогтоосон орнуудад газрын тосоо зах зээлийн үнээс доогуур худалдахгүй гэж удаа дараа мэдэгдсэн.  Одоо Оросын Urals нэртэй газрын тос дэлхийн зах зээлд нэг баррель нь 69 доллар гаран үнэтэй байна. Үүний зэрэгцээ Азийн орнууд, тухайлбал Энэтхэг, Хятад зэрэг орнууд Оросын нефтийг 30% хүртэл хямдралтай үнээр худалдаж авдаг байна.

Эх сурвалж: Радио свобода