Цаг үеийн мэдээ

Нэрт реппер Канье Уэст еврейчүүдийн эсрэг үзлийг дэмжиж, Адольф Гитлерийг сайшаадгаа нээлттэй илэрхийлж байгааг Лондон дахь шивээсний салон эсэргүүцсэн байна. Лондоны NAAMA шивээсний салон Канье Уэстийг шүтсэн болоод түүний дүр төрх, дууны үгийг шивүүлсэн хүмүүст шивээсээ үнэгүй арилгуулах урамшуулал зарласан байна. 

Канье Уэст эхнэр Ким Кардашианаасаа салах тохиролцоонд өнгөрсөн долоо хоногт хүрсэн юм. Тэрээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээ нийгэмд нээлттэй зарласнаас үүдэлтэйгээр Adidas, Balenciaga зэрэг томоохон брэндүүд хамтын ажиллагааны гэрээгээ цуцалж, улмаар Канье тэрбумтнуудын жагсаалтаас хасагдсан билээ. 

NAAMA салоны гүйцэтгэх захирал Бриони Гарбетт Канье Уэстийн шивээсийг үнэгүй арилгах санаачилга нь дэлхийн нийтийн хүсэл сонирхлыг сонсож, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй явдал хэмээн тайлбарлажээ. Мөн Каньегийн шивээсийг хийлгэсэндээ харамссан цөөнгүй шүтэн бишрэгч тус салонд хандсан гэжээ. 

Тодруулбал тус салоны гурван үйлчлүүлэгч хэдийн Каньегийн шивээсийг арилгуулах лазер үйлчилгээгээ эхлүүлсэн байна. Мөн 10 гаруй үйлчлүүлэгч ижил үйлчилгээ авахаар захиалга өгсөн байгаа аж. Түүнчлэн Канье Уэстийг шивүүлснээсээ болж цахим халдлагад өртөж буй тохиолдол ч гарсан байна. 

Тус салонд шивээс арилгах үйлчилгээ дунджаар 2,000 фунт стерлинг буюу 2,500 орчим ам.долларын үнэтэй байдаг ажээ. 

Эх сурвалж: CNN