Цаг үеийн мэдээ

Хүн төрөлхтний гараар бүтээгдсэн 21-р зууны агуу бүтээн байгуулалтын нэг өнөөдөр угсралтын ажлаа эхлүүлж байна. “Square Kilometre Array – SKA” бол дэлхийн хамгийн том радио дуран авай ажээ. Тус дуранг бүтээн байгуулах ажил 2028 онд дуусгавар болно.

SKA Өмнөд Африкаас Австрали хүртэл олон зуун мянган квадрат метр газар нутгийг хамарч, Их Британид удирдах байраа байрлуулахаар төлөвлөжээ. Уг дуран Эйнштейний онолыг туршиж, сансар огторгуйн судалгааг явуулж, астрофизикийн салбарт олон асуултад хариулт олоход туслах юм.

Нээлтийн арга хэмжээ Баруун Австралийн алслагдсан Мурчисон дүүрэг болон Өмнөд Африкийн Умард Кэйп хотын Кару дүүрэгт тус тус болж, төслийг удирдаж буй найман улсын төлөөлөгчид оролцсон байна. SKA төслийг удирдан явуулах байгууллагын ерөнхий захирал профессор Филь Даймонд “төслийг хийж эхлэхийн тулд 30 жилийн аяллыг туулсан. Эхний 10 жилд санаагаа хөгжүүлж, дараагийн 10 жилд технологийг хөгжүүлэхэд зарцуулсан. Сүүлийн 10 жилийг аюулгүй байдал, хэлбэр загварыг хөгжүүлэх, Засгийн газруудтай гэрээ хэлэлцээр хийх, төсөв бүрдүүлэхэд зарцуулсан” хэмээн мэдэгджээ. 

Дурангийн архитектурт анхлан тусгаснаар 200 орчим параболын антен буюу тавган антен, 131,000 диполийн буюу хоёр туйлт антен байрлуулахаар төлөвлөсөн байна. Эдгээр антенуудын тусламжтайгаар дэлхийгээс хэдэн тэрбум гэрлийн жилд байгаа сансрын эх сурвалжаас ирж буй маш сул долгионыг ч барьж авч чадах юм. 

Телескопийг бүрэн барихын тулд өргөн уудам газар нутаг хэрэгтэй болж, фермийн аж ахуй эрхлэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулах шаардлагатай болсон байна. Тиймээс төслийн санхүүжилт 500 сая еврогоос 2 тэрбум евро болж өсчээ. Төсөлд Өмнөд Африк, Австрали, Их Британи улсуудаас гадна Хятад, Итали, Нидерланд, Португал, Швейцарь улсууд багтсан байна. Франц, Испани, Герман улсууд нэгдэх замаа тавиад байгаа бол Канад, Энэтхэг, Швед, Өмнөд Солонгос, Япон улсууд нэгдэх саналаа гаргаад байгаа ажээ. 

Эх сурвалж: ВВС