Цаг үеийн мэдээ

Монгол улсад болж буй үйл явдлын талаар ВВС, Al Jazeera, Bloomberg зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс гадна бусад олон улсын хэвлэлүүдээр дамжуулсан байна. 

Al Jazeera агентлагийн цахим хуудасны нүүрэнд гарсан нийтлэлд Монгол улсын мянга мянган иргэн цельсийн -21 хэмийн хүйтэнд эр зориг гаргаж эдийн засгийн хямрал, инфляцын өсөлтийг эсэргүүцэж, нүүрсний хулгайн авлигын гэмт хэргийн эсрэг тэмцлээ гэжээ. Мөн жагсагчид нийслэл Улаанбаатар хотын төв талбай дахь 13 дугаар зууны үеийн Чингис хааны хөшөөтэй Засгийн газрын ордон руу шударга ёс шаардан дайрсан талаар онцолсон байна.  

Түүнчлэн Орос-Украины дайн, Хятадын ковидын эсрэг бодлогоос үүдэж хоёр улсын дунд байрладаг Монгол улсад инфляц 15,2 хувиар өссөнийг мэдээлжээ. Эдийн засгийн хямралаас болж хэдийн уур бухимдалтай байсан ард түмэн нийт экспортын 86 хувийг эзэлдэг нүүрсийг замаас нь хулгайлсан авлигач улс төрчдийн хэрэг илэрсэнд тэсэрч, жагсаал зохион байгуулсан гэжээ.

Харин Bloomberg агентлаг Улаанбаатар хотод цельсийн -27 хэмийн хүйтэнд олон мянган жагсагчид болон цагдаа нар нүүр тулсан тухай мэдээлжээ. Жагсаал амралтын өдөр эхэлж даваа гарагт үргэлжилсэн ба Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хулгайлагдсан 12 тэрбум ам.долларын 385,000 тн нүүрсний хэргийг шалган мөрдөж байгаа тухай мэдэгдсэн гэжээ. Мөн уг хэрэгт холбоотой гэж үзэж буй 15 нэр бүхий албан тушаалтныг шалгаж эхэлсэн тухай дурдсан байна.