Цаг үеийн мэдээ

БНХАУ өнгөрсөн хугацаанд баримталж ирсэн тэг ковид стратегийн бодлогоо сулруулсан талаар эх сурвалжууд мэдээлэв. Тус улсад коронавирусийн эсрэг хатуу чанга бодлогыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал газар авснаас хойш долоо хоногийн дараа иргэдийг албадан тусгаарлах лагерь луу илгээх зэрэг хамгийн хүнд хэд хэдэн шийдвэрээ хөнгөрүүлэхээр болсон байна.

Улмаар ковидын халдвараар хөнгөн болоод шинж тэмдэггүй өвчилсөн иргэд тусгаарлах лагерьд бус гэртээ тусгаарлагдаж болохоор болжээ. Мөн олон хүн цугласан газарт шинжилгээний хариугаа заавал үзүүлэх шаардлагагүй ба ойролцоох бүсэд илүү чөлөөтэй зорчих эрхийг олгоно гэжээ. Уг мэдээлэлд иргэд баяртай байгаа ч ойрын хугацаанд өөрчлөгдөх эсэхэд сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн байна. 

Хятадад хоногт ковидын 30,000 гаруй шинэ тохиолдол илэрч байгаа бөгөөд тэг ковид хөтөлбөрийн оронд дэлхийн бусад улс орнуудын адил вирустэй хамт аж төрөх нь дээр гэдгийг эрх баригчид ойлгож эхэлсэн бололтой хэмээн эх сурвалжууд бичжээ. Халдвар авсан иргэдийн хавьтал болсон хүмүүсийг албадан аваачиж байгаа тусгаарлах лагериудад хүний эрх ноцтой зөрчигдөж, туслах албаныхны орон тоо хүрэлцээгүй байгаа юм. 

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны өчигдөр гаргасан мэдэгдэлд шинжилгээний хариу зайлшгүй шаардлагатай тохиолдолд ПСР шинжилгээний оронд түргэвчилсэн тестийн хариуг орлуулж болох ажээ. Гэхдээ сургууль, эмнэлэг, асрах газруудад ПСР шинжилгээний хариу шаардах хэвээр юм байна. Хөл хорио үргэлжлэх ч иргэд ойролцоох барилга байшин, давхар зэрэг хөрш зэргэлдээх газруудад зорчих эрхтэй болжээ. Өндөр эрсдэлтэй бүсэд шинэ тохиолдол илрэхгүй бол хөл хориог тав хоног үргэлжлүүлнэ. Хэрэв олныг хамарсан тархалт гарахгүй бол сургуулиудын үйл ажиллагааг хязгаарлахгүй гэжээ. 

Эх сурвалж: ВВC