Цаг үеийн мэдээ

Перу улсын Ерөнхийлөгч Педро Кастилло Парламентыг тарааж, төрийн эргэлт хийх оролдсон хэргээр албан тушаалаа огцорсон байна. Мөн түүнийг бослого тэмцэлд өдөөн хатгасан хэмээн баривчлан саатуулжээ. 

Улсын прокурорын газар Ерөнхийлөгч Кастиллог баривчлан саатуулсан гэдгийг батлан мэдэгджээ. Конгрессын танхимд түүнд итгэл үзүүлэх эсэхийг шийдэх санал хураалт явуулахад дийлэнх гишүүд түүнийг огцруулахыг дэмжсэн байна. 

Уг санал хураалтаас өмнөхөн Кастилло шөнийн цагаар улс орон даяар хөл хорио тогтоох, шүүх систем болон прокурорын газрыг дахин шинэчлэх тушаал өгчээ. Шүүх, прокурорууд Кастиллог их хэмжээний авлига хээл хахууль, хууль бус наймааны хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. 

Дэд Ерөнхийлөгч Дина Болуарте Ерөнхийлөгчийн уг шийдвэрийг төрийн эргэлт хийх оролдлого гэж үзсэн байна. Ерөнхийлөгчийг огцруулан баривчилсны дараа дэд Ерөнхийлөгч Дина Болуарте шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдож тангаргаа өргөжээ. Тэрээр Перу улсын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй төрийн тэргүүн болж байна. 

Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөсөн даруйдаа улс төрд эвлэрэл байгуулж, үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг уриалжээ. Өмнөх Ерөнхийлөгч Кастилло жил таван сарын хугацаанд төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэхдээ Засгийн газрын таван танхим, 80 гаруй сайдыг сэлгэж, зургаан удаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, хоёр удаа итгэл үзүүлэх санал хураалтад орсон байна.

Эх сурвалж: The Guardian