Цаг үеийн мэдээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 23 дүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “ХААН банк” ХХК-ийн олон нийтэд гаргаж буй хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэж, анхдагч зах зээлд арилжих зөвшөөрлийг олголоо. Ингэснээр банкны салбарын реформын хүрээнд олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болох ажиллагаагаа хэрэгжүүлж буй банкны системд нөлөө бүхий гурав дахь банк болж байгаа бөгөөд УИХ-аас баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, банк, санхүүгийн салбарт хэрэгжиж буй томоохон шинэчлэл амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл болж байна. “ХААН банк” ХХК-ийн хувьд банкны салбарын нийт активын 30 гаруй хувийг бүрдүүлдэг, нийт актив, өөрийн хөрөнгийн хэмжээгээр системийн банкууд дундаа хамгийн томд тооцогддог, банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй ууган банкны нэг бөгөөд тус банкны нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргах ажиллагаа (IPO) амжилттай хэрэгжсэнээр зах зээлд чанартай, хөрвөх чадвар өндөр санхүүгийн шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, хөрөнгийн зах зээлээр дамжуулан иргэд, олон нийт сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө арвижуулж, улмаар хөрөнгийн зах зээл идэвхжиж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадвар өсөх чухал ач холбогдолтой юм.

УИХ-аас баталсан Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан уг хуульд заасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх журам болон бусад хэм хэмжээтэй нийцүүлж Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын шинэчилсэн найруулга, “Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавих нөхцөл, шаардлага” болон зохицуулалтын салбаруудад мөрдөгдөж буй захиргааны хэм хэмжээний актуудад холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулахаар хуралдаанаар шийдвэрлэлээ. Түүнчлэн “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт болох “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын шинэчилсэн найруулгаар кастодиан болон санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйл ажиллагааны зөвшөөрлийн нөхцөл, шааардлагыг тус журамд нэгтгэн боловсрууллаа.

Хуралдаанаар мөн нэг компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, мөн нэг компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг, банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхээр тус тус шийдвэрлэв.

 

Таны сурталчилгаа