Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбоо, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны найм дахь буюу хагас шигшээ барилдааны сүүлийн өдөр Багануур дүүргийн баг Булган аймгийн багтай учраа тааран барилдаж, Булган аймгийн баг 19:6-аар илт давуу ялан, шигшээ наймд шалгарлаа. Ялсан баг 5.000.000 төгрөг, давсан бөхчүүд давааны мөнгөө гардацгаав. 

Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Д.Амаржаргал /2/, улсын начин Х.Цогтгэрэл /2/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /5/, улсын начин Э.Сумъяабат /4/, сэлгээнд орж барилдсан улсын начин Б.Түвшинтөгс /2/ даваатай барилдсан бол Багануур дүүргийн багт улсын начин Л.Батзориг /2/, аймгийн арслан Д.Буянт /1/, аймгийн арслан Б.Чинбат /1/, аймгийн заан С.Оргилбаатар /1/, аймгийн заан Э.Түмэндэмбэрэл /1/ даваатай барилдацгаалаа. Тус багийн сэлгээний бөх аймгийн заан Х.Өсөхбаяр бэртлийн улмаас энэ барилдааныг өнжжээ. 

Үндэсний “Алтан цом”-ын төлөөх шигшээ найман багийн эхний тойргийн барилдаанууд ирэх долоо хоногт эхэлнэ. 

Харин маргааш буюу 12-р сарын 10-ны 12:00 цагаас Ардчиллын төлөөх намуудын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай.