Цаг үеийн мэдээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар "Тавантолгой" ХК-д 6 сарын онц дэглэм тогтоож, онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон юм.

Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг  ажил хүлээлцүүлэх үеэр "Засгийн газрын 450 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн "Тавантолгой" ХК-д онц дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томиллоо. Эдийн засгийг тогтворжуулах, аливаа учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль журмын заалтуудыг сахин биелүүлэх,  нийгэмд хэвийн байдлыг тогтоох ажлыг түргэн шуурхай хангах эрхэм  үүргийнхээ дагуу энэ компанид онц дэглэм тогтоож байна. 

Олон нийт бүгд мэдэж байгаачлан эдийн засаг хүнд байгаа, тэр дундаа нүүрсний экспорт, байгалийн баялгийн хууль бус худалдаа, тээвэрлэлттэй холбоотой олон асуудал байна. Саяхан Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэс тавантолгой" ХК-д онц дэглэм тогтоосон. Төр засаг нь төрийн эрх үүргээ хэрэгжүүлэхдээ ард түмний аж амьдралд ээлтэйгээр шийдвэрлэх зарчмыг баримталж байгаа. "Тавантолгой" ХК нь 51 хувь нь орон нутгийн буюу төрийн өмчит, ямар нэгэн байдлаар олон асуудал хөндөгдөж байгаа. Зарим аман дээрх нүүрсний нөөцийг хүртэл хоорондоо өгөлцөж авалцсан асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлэсэн. Онц дэглэм тогтоож байгаа асуудлыг аль болох зөв талаас нь ойлгох хэрэгтэй. Үүний цаана маш олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа" гэв.