Цаг үеийн мэдээ

Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал нүүрсний хулгайг уг үндсээр нь таслах цахим бирж байгуулах талаар төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй 12 дугаар сарын 9-нд уулзлаа. “Гэрэгэ системс” ХХК-ийн захирал Д.Сайнбаяр нүүрсний хулгайн талаар улс төрийн эр зориг гарган, нийгэмдээ хандан зарласан Засгийн газрын салбар хариуцсан сайдын манлайлал дор мэдээллийн технологийн компаниудын нэгдэл, төр, иргэний оролцоо, хяналттайгаар цахим бирж байгуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Аль нэг компани давуу эрх эдлэхгүй, төсвөөс мөнгө гаргахгүй, шинээр дугуй зохиолгүйгээр өөрсдийн түншлэгч Сингапурын компанийн системийг ашиглан,  нүүрсний арилжааг ил тод болгох саналыг тавилаа. 

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч А.Баттамир нүүрс төдийгүй уул уурхайн түүхий эд, хөдөө аж ахуйн цахим биржийн оновчтой тогтолцоог бүтээх шийдэл компаниудад байгааг онцлоод, цахим бирж байгуулах санаачилгад нэгдэхээ илэрхийллээ.

 Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Хулгай хийх боломж хулгайчийг төрүүлдэг. Тэгвэл цахим шийдэл, цахим технологи эх орны эрдэнэс баялгийг хулгайлж тонох боломж нөхцөлийг уг үндсээр нь устгана. Чоно борооноор, хулгайч шөнөөр гэдэг. Хаалттай хаалга, харанхуй орчин хулгай дээрмийг төрүүлдэг. Гэрэлтэй газар, гэгээтэй өдрөөс хулгай, дээрэм, жоом бясаа дайждаг. Нүүрсний худалдаа нууц учраас, нүдэнд харагддаггүй учраас гаарч байна, галзуурсан байна. Гэм буруутныг олж, гэсгээн шийтгэхийн хамт бурууг үндсээр нь засч, зөвийг сууриар нь тогтоохыг цаг үе, хүндрэл сорилт, жагсаал цуглаан, ард түмний хүсэл, тэмцэл Та биднээс шаардаж байна” гэж хэллээ. Тэрбээр ард иргэд тодорхой шийдэлгүйгээр жагсаал цуглаан өндөрлөж болохгүйг сануулсан юм. Н.Учрал сайд мэдээллийн технологийн компаниудыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах тухай хуулийг ирэх долоо хоногоос эхлэн хэлэлцэх, Засгийн газрын хуралдаанаар цахим арилжааны журам батлахтай холбогдуулан саналаа ирүүлэхийг хүслээ. 

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал найман жилийн туршид яригдаж байсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар УИХ-д өргөн барьсан бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын оролцоонд үндэслэсэн бирж байгуулах боломж нээлттэй байгааг мэдээллээ. Төрийн компани байгуулахгүй, олон оролцогчтой байж, 30 жилийн туршлагатай Хөрөнгийн бирж, хувийн компаниудын хамтын ажиллагаагаар цогц тогтолцоо бүтээх боломжтойг онцлов. 

Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай 34 хувийг нь олон нийт эзэмших нээлттэй компани болж байгаа Хөрөнгийн бирж шийдвэрлэх оролцоотой байж, гадаадын худалдан авагчдад нүүрсээ шилэн нэг цонхоор худалдах зарчмын саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.   

Уулзалтын үр дүнд Цахим, хөгжил, харилцаа холбооны сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд хамтарсан тушаал гаргаж, цахим бирж байгуулах санал дүгнэлт гаргахаар боллоо. 

Хувийн хэвшлийн шинэ санаачилгын зэрэгцээ Сангийн яамны Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлохоос худалдан авагч хүртэлх бүх үйл явцыг эхнээс дуустал нь хүний оролцоогүйгээр хамруулж, цахимаар бүртгэх, хянах, татвар тооцох тогтолцоог боловсруулж ашиглахад бэлэн болгоод байна. 

Цахим бирж байгуулах талаарх уулзалтад ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр болон газрын дарга нар, төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм.