Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Анапа хотноо 2022 оны 9 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд болсон 31 дэх удаагийн “Киношок” олон улсын кино наадам-д найруулагч Ж.Жамьянсүрэнгийн уран бүтээл “Хөхөө” уран сайхны кино оролцож, “Шилдэг уран бүтээл”, “Шилдэг эрэгтэй дүр”, “Шилдэг эмэгтэй дүр”, “Шилдэг найруулагч” зэрэг дөрвөн гол шагналыг хүртсэн нь тус кино наадмын түүхэнд гадаад кино 4 голлох номинацид тэргүүлсэн анхны тохиолдол болсон билээ.

Тус киноны уран бүтээлчдэд дээрх шагналуудыг гардуулах ёслолын ажиллагааг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ ГХЯ-ны ГССХГ-тай хамтран 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

“Киношок” олон улсын кино наадмыг Оросын кино уран бүтээлчдийн холбоо болон төрийн кино сан буюу “Госфильмофонд” хамтран ОХУ-ын Засгийн газар, ОХУ-ын Төрийн Дум, Соёлын яам, Краснодар хязгаарын захиргаа зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр жил бүр Анапа хотноо зохион байгуулдаг бөгөөд наадмын хүрээнд бүрэн хэмжээний кино уран бүтээл “Шилдэг бүтээл” хэмээх гол шагналын төлөө болон шилдэг эрэгтэй, эмэгтэй дүр зэрэг 7 номинацид өрсөлдөх боломжтой. Мөн богино хэмжээний, телевизийн, хүүхдийн уран бүтээлүүд 10 номинацид өрсөлддөг байна.