Цаг үеийн мэдээ

Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллагуудын нэг болох Байлдааны гавьяаны Улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт “Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын 90 жил”-ийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд Соёлын дэд сайд М.Батбаяр мэндчилгээ дэвшүүлж, “Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга”-ын нэр бүхий уран бүтээлчдийг Засгийн газрын шагнал МУСТА цол тэмдэг болон Соёлын яамны “Хүндэт жуух” бичгээр тус тус шагнасан юм.

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын 90 жилийн түүх бол Монгол Улсын театр, хөгжмийн урлагийг шинэ нөхцөлд үүсгэн хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийн илэрхийлэл, цэрэг, дайчид, ард иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэн зоригжуулж дайны фронт, хилийн торгон шугам, хөдөлмөрийн талбарт төдийгүй гадаадын олон мянган зочид төлөөлөгчдөд монгол үндэстний соёл, урлагийн ололт, амжилт, өвөрмөц гайхамшгийг таниулан сурталчилсан үйлс, театр, хөгжмийн урлагт олон зуун шилдэг боловсон хүчнийг бэлтгэн гаргаж, Зэвсэгт хүчний эгнээнээс XX зууны манлай уран бүтээлчид, Монголын урлагийн суу алдартнууд, нэрт зүтгэлтнүүдийг төрүүлсэн эрхэм гавьяаны тод илрэл билээ.

Түүнчлэн Монголын соёл, урлагийн бусад томоохон байгууллагуудын үндэс суурийг тавих, хөгжүүлж бэхжүүлэх, уран бүтээлчдийг сургаж бэлтгэх, урын санг баяжуулах, материаллаг баазыг бүрдүүлэхэд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.

Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон төрөөс баримталж буй батлан хамгаалах болон соёлын бодлого, зорилтыг тууштай хэрэгжүүлж, уран бүтээлийн бодлого, цар хүрээ, урын сангаа улам арвижуулан баяжуулж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үндэсний болоод дэлхий хэмжээнд өрсөлдөх чадвартай мэргэжлийн уран бүтээлчид болон шилдэг бүтээл олныг төрүүлэн, бүх нийтийг соён гэгээрүүлэх их үйлсдээ өндөр амжилт гаргаж, манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байна.