Цаг үеийн мэдээ

МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд Дуурийн театрт болно. 

Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

А.Ивээл

БУЙД СУМЫН НААДАМ

Хоног хоногоор наадам ойртоход нэг л сайхан, баярын догдлол жиргэх нь бахтай. Наадмын хуушуур идэх, айраг уух, шинэ цолтнууд тодрох гээд цөмөөрөө гоё агаад сэтгэлд таатай. 

Цогт энэ зун улсын Наадмыг хөдөөгийн суманд үзэж, сумын наадам гэдгийг анх харсан төдийгүй өөрөө барилдав. Нам жимхэн сумын төв Наадмын өдөр огт ондоо болчихдог аж. Наадмын талбай дээр цагаан хоолойгоор дуу хөгжим эгшиглээд, наагуур цаагуур хэсэг морьтон давхилдаж, өнгө өнгийн дээл, алчуураар гоёсон охид хүүхнүүд эрчүүдийн харцанд ээрүүлэн гунхах нь сайхан. 

Наадамчид морьдоо тушаад тойрч суун тамхилах ба дунд нь бас болоогүй ээ, өндөр шилтэй сархад гозойж харагдах. Тэнд ч нэг халамцуу нөхөр мотоцикльтэй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй сагсалзан давхиад л, энд ч нэг морьтой эр амыг нь ангалзтал татаж дөвчигнөөд л. Наадмын дүр зураг нэг иймэрхүү байх нь сумын наадмын төрх ажгуу. 

Улсын цолтой бөхөөс дутахгүй ханхар ханагар эрс асар майхны гадуур хөндөлсөж даналзаад, хүн ам нь дийлэнхдээ хот суурин бараадаж нүүгээд суманд цөөхөн хүн үлдсэн гэж яривч Наадмаар хөл тавих зайгүй битүү болох нь гайхаш төрүүлнэ авай. 

Хөдөө төрсөн ч хотод өссөн Цогт багаасаа жүдо, самбогоор хичээллэж барилдааны дөр суусан, медаль шагналын амт үзчихсэн хулгар чихтэй оюутан. Цээжээ нүцгэлээд жийнсэн өмдтэйгөө зодоглосон Цогтод гурвын даваанаас аманд гарахад нь зодог шуудаг, монгол гутал өмсүүлжээ.

- Энэ боорцгон чихт чинь сүрхий гайхал бололтой шүү гэцгээхийг тэр сонсчээ. Наадмын өглөө түүний нүдэнд мөрөө гаргасан дан цэнхэр тэрлэгтэй, дүрлэгэр алаг нүдтэй нуруулаг бүсгүй өртсөнийг сэм сураглаад чих тавьбал Юмдүүжин гэх бөгөөд нэр нь хүртэл сонсголонтой яруу, цаанаа л нэг харц булаагаад, сэтгэлд жигтэй совингийн манан татуулсан нь тааламжтай байлаа. 

Бүсгүйн шулуухан булчинлаг бор шилбэ, тонтгор өгзөг, сэргэр хөх, хацрын хонхор нь эгдүүтэй бөгөөд дур булаамаар ялдамхан аж. Юмдүүжин цэцэрлэгт багшилдаг ба нөхөртэйг нь дуулаад Цогт нэлээдгүй гонсойв. Тэгсэн энд ирээд танилцсан Бор хэмээх шоволзуур залуу “Захиа шидчих би аваачаад өгөмз, Хотын залуутай танилцах байлгүй. Тэгээд ч нөхөр нь эзгүй. Салсан ч байхаа магадгүй” гэсэн ажээ. Өөрөөсөө гурав эгч, нөхөрт гарсан бүсгүйд сэтгэл татагдах гэдэг цаанаа нэг л шаналан тээлгэвч наанаа баясал будруулах нь жигтэй. 

Зурвасыг нь уншсан бүсгүй төдхөн хүрч ирээд

- Манай сумын наадамд түрүүлээрэй. Тэгвэл чамайг шагнана аа гэж сэтгэл хоргодмоор гоёхон дуугаар донгодоод мушилзах нь ямар таашаалтай байсан гэх вэ. Цаг хугацаа зогссон мэт сэтгэл яаран догдлоход Цогт ”Намайг яаж шагнах юм бол” гэж санааширчээ. Наадмын эхний өдөр гурвын даваагаар барилдаан өндөрлөв.

Маргааш нь сумандаа дөрвөнтөө түрүүлсэн Шагдар заан гэгч хүглийсэн хүрэн эртэй Цогт үзүүр түрүүнд үлдлээ. Хөдөөний бөхчүүдийн ихэнх нь цээж нь том, гуя нь шулдан байдагтай адилаар Шагдар заан ч бөөн том цээж, унжсан гүзээтэй, шулдан гуятай эр байлаа. Барилдааны өмнө гулжийсан өндөр шар нөхөр архи сэнгэнүүлэн хүрч ирээд чихэнд нь тонгойн,

- Бууж өгвөл шагнана. Өвлийн идэш авах уу, мотоцикль авах уу? гэжээ. Ийм зүйл сонсож үзээгүй Цогт,

- Үнэн мөнөөрөө л үзье гэсэнд нөгөөх гулжгар эр хяламхийснээ хөл дор нь шүлсээ хаяад эргэжээ. “Юм л бол шагнана гэдэг сонин газар вэ?” хэмээн Цогт бодож зогстол Юмдүүжин удсангүй хүрч иржээ. Хөх нь халтихан цухуйсан эрээн цоохор даашинзтай бүсгүй үнэнхүү үзэсгэлэнтэй харагдаж байлаа.

- Шивнээ байна хэмээн сүрхий нууцархан шивнэж, хөөрхөн тормолзох нь Цогтын зүрхийг цээжиндээ багтахгүй болтол булгилуулж, хамаг бие нь халуу шатан жигтэйгээр догдолжээ.

- Юу юм бэ?

- Чи Шагдар заанд унаад өгчих!

- Яаж байгаа юм бэ?

- Тэгвэл би чамайг шагнана шүү гэж Юмдүүжин халуун амьсгалаараа нүүрийг нь төөнүүлэн шивнэжээ. 

Шонд өлгөөстэй цагаан хоолойгоор үзүүр түрүүнд шалгарсан хоёр бөхийн нэрийг дуудан зарлалаа. Гуч нэлээд гарсан Шагдар зааныг хаяж болмоор санагдаж байсан боловч сэтгэлийн цээлэнд эргэлдсэн Юмдүүжингийн гуйлтыг сануут Цогт эргэлзэж эхэлсэн ажаам. 

Хүглэгэр том цээж, лагс биетэй Шагдар заан тав дахиа түрүүлэхээр эргэлтгүй шийдээд нийслэлийн баншин чихтэй оюутан залууг өөртөө унана гэдэгт эргэлзээгүй юм шиг гуяа хүчтэй алгадсаар өржээ.

Чингэхүйд зүрхний цэцэг, сэтгэлийн чимэг болоод байгаа хөдөөний царайлаг хүүхний гуйлтыг хэрэгсэхгүй өнгөрөөвөл аманд орсон шар тосыг нулимахтай адил ч болох юм шиг хачин эргэлзээ тээнэгэлзээнд Цогт автжээ. “Түрүүлбэл шагнана” гэх мөртлөө бас “унаж өгвөл шагнана” гэдэг тэр сонин бүсгүйг гайхаад баршгүй байв. 

Гайхширч эргэлзсэн Цогт өмнөөс нь яхийтал өрөөд хярж байгаа Шагдар зааныг харвал “За, чи яасан, буух уу?” гэж байх шиг. Гэвч шууд дайраад хоёр мөрийг нь алгадан, суганд нь ганцхан сэжээд цацчихвал Шагдар заан том цээжнээсээ дуу алдаад уначхаар үзэгдэнэ.

- Заан бодолтой бай! Наадах чинь нийслэлд ноцолдож явсан айхтар лүд шүү гэхтэй зэрэгцээд,

- Залуу хүн зоригтой дайр! хэмээн засуул болоод наадамчид хашгирах нь Цогтын чихэн дээр алгадах мэт л сонстоно. Тийнхүү түүнийг яах эсэхээ үл мэдэн эргэлзэж байх зуурт олон наадмын босго элээсэн Шагдар заан ямар ч завдал өгөлгүй зүүн хөлөөрөө этэж наагаад бусгаж орхисонд Цогт яаж чиг амжилгүй өвдөг шорооджээ. Наадамчдын орилоон чих дүлийртэл сонсогдоно.

- Хэл өгөхөөр ах нь өвлийн идэш явуулна дүү хүү! гэсэн Шагдар зааны хэнэггүй үгийг сонсонгоо Цогт түүнээс тахимаа авбал сумынхаа наадамд тавантаа манлайлсан харимал заан намбатайхан гээч нь тугны зүг дэвэн дэлэхэд Цогт дагалаа. 

Буйд сумандаа таван удаа түрүүлсэн Шагдар зааны мялаалгын найр тэр оройгоо болж, Цогт уригдав. Зааны найр сумын наадмаас ч хөлтэй болох янзтай. Цогтыг архи айраг, хоолоор шахсан бөгөөд Юмдүүжин бүсгүй найрын үйлчлэгчээр хөдөлж байлаа.

Орой эхэлсэн найр нар жаргахад өндөрлөх байтугай сар мандсан хойно ч дуусах шинжгүй халгиж цалгилаа. Бүрэнхий буусан хойно сэтгэлийн чимэг болсон Юмдүүжин Цогтын хажууд ирээд “Гарах уу?" гэж шивнэжээ. Гэрт ч, гадаа ч хөлчүү хүмүүс дүүрэн бөгөөд тэр хоёрыг олны хөлөөс зайлан одохыг анзаарсан хэн ч алга бололтой. Юмдүүжин мань хүнийг Шагдар зааны зургаан ханатай эрээн гэрийн хойно дүнхийх улаан тоосгон байшингийн ард аваачаад ялимгүй нанчид үнэртэх амьсгалаараа бүлээн оргиулан уруулаас нь хазалж шимснээ гараас нь хөтлөн,

- Манайх руу очъё! гэж хэлэв.

- Шагнахаар уу? хэмээн Цогтыг наргих гэж оролдоход бүсгүй,

- Чамлаад байгаа юм уу даа? гэж зугаатай агаад хөхүүнээр хөхөрлөө.

- Өнөө шөнө би өөрийгөө чамд шагная! хэмээн Юмдүүжин илтэд сэтгэл хөдөлгөм ялдамхан шивнэхэд “Шагдар заан чиний юу юм бэ?” гэж Цогт асуух гээд болив. 

Хачин тааламжтай мэлтийсэн саран туяарсан тунгалаг шөнө нөмөрсөн байлаа.